/Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани энэ онд борлуулсан “Galaxy Z” загварын эвхэгддэг гар утаснуудынх нь хэмжээ өнгөрсөн оныхоос дөрөв дахин нэмэгдсэн талаар өнөөдөр мэдээлжээ. Энэ нь хурдацтай хөгжиж буй шинэ загварын ухаалаг гар утасны салбарт тэргүүллээ улам бататгаж буйг нь харуулжээ.
Хэдийгээр тус компани нь борлуулалтын нийт хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч энэ онд “Galaxy Z” загварын 8-9 сая гар утас борлуулсан байх тооцоотой байна. Түүнээс ном шиг эвхэгддэг “Galaxy Z Fold3” нийт борлуулалтын тэн хагасыг эзэлсэн бол хясаа адил эвхэгддэг “Galaxy Z Flip3” нь залуу хэрэглэгчдийн сонирхолд илүү нийцжээ.
“Samsung”-ийн мэдээлснээр, энэхүү хоёр утсыг энэ оны наймдугаар сард худалдаанд гаргаснаас хойших нэг сар орчмын хугацаанд борлуулагдсан хэмжээ нь өнгөрсөн оны эвхэгддэг гар утасны нийт борлуулалтыг давсан байна. Дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч тус компани эвхэгддэг дэлгэцийн талаарх төсөөллөө 2009 онд танилцуулж, 2019 ийм загварын анхны гар утас болох “Galaxy Fold”-оо худалдаанд гаргасан юм.