Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын ажил одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим хуудаснаа мэдээлэв.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн 5 сумын нутаг дэвсгэрээр дайран 1 өртөө, 6 зөрлөгтэй 416.1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 104 аж ахуйн нэгж оролцож, төслийн хугацаанд 10 мянга орчим хүн, 4 мянга орчим техник хэрэгсэл ашиглаж байгаа.
“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-нд байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, эзэмших, ашиглах, төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцохоор үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг. Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, олборлож боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэх боломжтой болно. Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд шууд хүргэн дэлхийн зах зээлд хямд үнээр, “далайн боомт” нөхцөлөөр борлуулна.
Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Гашуунсухайт-Ганц мод чиглэлийн шинэ гарцтай холбох, цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор транзит ачааны хувьд эдийн засгийн үр өгөөж арвин байх бөгөөд 1000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. Төмөр зам ашигласнаар байгаль орчинд ээлтэй тээвэр болохоос гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуух уул уурхайн ордуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэх боломжтой аж.
Нийт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт одоогоор нэг их наяд 53 тэрбум төгрөгт хүрчээ.