/TASS/. “Facebook” компанийн хувьцааг 12 дугаар сараас шинэ нэрээр арилжаалж эхэлнэ гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Пүрэв гарагт “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг виртуал болон нэмэгдсэн бодит байдлын салбар дахь зорилгоо тусгахын тулд компанийнхаа нэрийг “Meta” болгон өөрчилснөө мэдэгдсэн юм. "Шинэ нэр нь бидний аль хэдийн туулсан зам, бидний явахыг хүсэж буй ирээдүйг бүхэлд нь тусгасан болно. Одоо бид зөвхөн "Facebook" биш, харин "метаверс" хөгжүүлэгч компани болохыг хүсэж байна" гэж Цукерберг нэрээ өөрчилсөн талаараа тайлбарлахдаа мэдэгджээ.
“Бид мөн 12 дугаар сарын 1-нээс эхлэн өмнө нь захиалсан байсан “MVRS” шинэ тикерээр (зах зээл дээрх компанийн товчилсон нэр) арилжаа хийхээр төлөвлөж байна” гэж компани цахим хуудсандаа мэдээлжээ. Одоо тус компанийн хувьцааг “FB” тэмдэгтээр арилжаалдаг байна.
Компани одооноос эхлэн санхүүгийн гүйцэтгэлээ өөр хэлбэрээр тайлагнах юм. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн “Meta” ажлынхаа үр дүнг хоёр хэсэг болгон хуваах бөгөөд эхнийх нь компанийн одоогийн бүх программын ажлыг нэгтгэх бол хоёр дахь нь виртуал бодит байдлын технологийн чиглэлээрх ажил байх юм. Үүний зэрэгцээ компанийн дотоод бүтцэд өөрчлөлт ороогүй гэдгийг хэвлэлийн алба онцолжээ.
“Facebook” уламжлалт бүтээгдэхүүнүүдийнх нь нэр хүнд залуучуудын дунд унаж, ёс зүйгүй бизнесийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой дуулиан хэвлэлээр дэгдээд буй үед нэрээ өөрчилж байгаагаа мэдэгдсэн юм. Нэрээ өөрчилсөн тухай мэдээ гарсан даруйд компанийн хувьцаа 3 гаруй хувиар өссөн байна.