ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 9 сарын статистик дүн мэдээг танилцууллаа. Уг мэдээллээр мөнгөний нийт нийлүүлэлт өнгөрсөн хугацаанд буюу оны эхний 9 сарын эцэст 27 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 20.4 хувиар өсөв. Энд төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсжээ.
Нийт хадгаламж энэ оны 9 дүгээр сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Нийт зээлийн 84 хувь нь хэвийн зээл байна. Өргөн хэрэглээний барааны үнэ улсын хэмжээнд өмнөх оноос 9.6 хувиар өсжээ. Энэ сарын 13-ны байдлаар нийслэл Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар өссөн байна.