“BTS” эх орондоо эргэн иржээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн ирээдүй хойч, соёлын тусгай төлөөлөгчдийн хувиар АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн очсон “BTS” хамтлагийн гишүүд өнөөдөр эх орондоо эргэн ирлээ гэж “Big Hit” энтертайнмент мэдээлжээ.

Тэд Нью-Йоркт долоо хоног байх хугацаандаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилтын “Агшин” үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцон үг хэлж, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жон Сук нарын хамт ярилцлага өгч, Урлагийн музей, Солонгосын соёлын төвд зочилжээ.

Мөн хамтлагийн гишүүд НҮБ-ын төв байранд “Permission to Dance” хит дууныхаа дүрс бичлэгийг урьдчилан хальсанд буулган олон нийтэд толилуулсан юм. НҮБ-ын албан ёсны “YouTube” сувагт байршуулсан энэхүү клипийг өнөө өглөөний байдлаар 16 сая гаруй удаа үзсэн байна.

“BTS”-ийн хувьд НҮБ-ын индрээс гурав дахь удаагаа үг хэлсэн нь энэ бөгөөд шууд дамжуулан үзүүлсэн тэдний илтгэлийг нэг сая гаруй хүн сонсжээ. Тэд “COVID-19” цар тахлыг тэсвэр тэвчээр, сэтгэлийн хаттайгаар даван туулж буй залуу үеийнхнийг сайшаасны зэрэгцээ долоон гишүүний хувьд бүгд вакцинд хамрагдсаныг онцлоод, вакцин хийлгэхийг уриалжээ.

Өнөө орой “BTS” Их Британийн “Coldplay” рок хамтлагтай хамтран бүтээсэн “My Universe” нэртэй шинэ дуугаа цацна. Тус хоёр хамтлагийн гишүүд Нью-Йоркт энэ долоо хоногт мөн уулзсан бөгөөд хамт авхуулсан гэрэл зургаа тус тусын “Twitter” хаягтаа пүрэв гарагт нийтэлжээ.

Сэтгэгдэл бичих