Венецийн кино наадмын дээд шагналыг үр хөндөлтийн тухай кино хүртжээ

оруулсан Алсын Хараа

/BBC/. Венецийн кино наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын дээд шагналыг 1960-аад оны үеийн Франц дахь хууль бус үр хөндөлтийн талаар өгүүлэх “Happening” (L'Événement) уран сайхны кино хүртлээ.

Францын найруулагч Одри Диваны бүтээсэн энэхүү кинонд коллеждээ үргэлжлүүлэн сурахын тулд шоронд хоригдох, амиа алдах эрсдэлийг үл хайхран үр хөндүүлэх арга замыг эрэлхийлж буй бүсгүйн талаар өгүүлэх ажээ.

“Миний бие энэхүү киногоо уур хилэн, хүсэл зориг төдийгүй хэвлий, зүрх, тархиараа бүтээсэн юм” гэж О.Диван “Алтан арслан” шагналаа гардан авсныхаа дараа хэлжээ.

АНУ-ын Техас муж улсад жирэмсний зургаан долоо хоногтойгоос хойш үр хөндүүлэхийг хориглосон шинэ хууль шүүмжлэл дагуулсны дараа энэхүү кино гарсан юм. “Happening” киног Францын зохиолч Энни Эрногийн намтраас сэдэвлэн бүтээжээ.

“Алтан арслан” шагналыг “Parasite” киноны найруулагч Бон Жун Хогийн ахалсан шүүгчдийн баг шалгаруулжээ. Харин наадмын дэд шагнал болох “Мөнгөн арслан”-гийн эзнээр Италийн найруулагч Паоло Соррентино “The Hand of God” киногоороо шалгарсан байна.

Бямба гарагт болсон ёслолын ажиллагааны үеэр шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлчдийг дурдвал, Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпион “The Power of the Dog” киногоороо “Шилдэг найруулагч"-аар шалгарсан бол “Шилдэг кино зохиол” шагналыг “The Lost Daughter” киногоороо Америкийн жүжигчин, продюсер Мэгги Жилленхол хүртсэн байна.

Мөн “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр Испанийн жүжигчин Пенелопа Круз “Parallel Mothers” кинонд бүтээсэн дүрээрээ шалгарчээ. Энэхүү киног Испанийн найруулагч Педро Альмодовар бүтээсэн юм. Харин Филиппиний жүжигчин Жон Аркилла “On the Job: The Missing 8” киноны дүрээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг гардан авсан байна.

Өнгөрсөн оны Венецийн кино наадмын дээд шагналыг 2008 оны санхүүгийн хямралын дараа Америкийн нутгуудаар нүүдэллэн амьдарч буй бэлэвсэн бүсгүйн тухай өгүүлэх “Nomadland” кино хүртсэн билээ.

Сэтгэгдэл бичих