/Xinhua/. Хятадын эрх баригчид мэдээллийг хамгаалах тухай шинэ хуулийн дагуу мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэж эхэллээ.
Сүлжээний мэдээллийг хянах арга хэмжээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хэрэглэж буй технологи нь БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ, “ёс суртахуун, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд нийцэх” ёстой гэж уг баримт бичгийн текстэд онцлон тэмдэглэжээ.
"Хулгай хийх, хууль бус мэдээлэл цуглуулах эрх хэнд ч байхгүй” гэж баримт бичигт дурдсан байна. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд 10 мянгаас 10 сая хүртэл юанийн /1500-1 сая 500 мянга хүртэл ам.доллар/ торгууль ногдуулна. Үүнээс гадна, мэдээлэл ашиглахтай холбоотой үйл ажиллагаа, Хятадын үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн компаниудыг хаах эсвэл бизнесийн лицензийг нь цуцлах аж.
“Энэхүү хууль нь манай улсын иргэд, байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг илүү сайн ойлгоход тусална. Энэ бол маш чухал юм" гэж Хятадын сүлжээний мэдээллийг хамгаалах салбарын “Wondersoft” компанийн тэргүүн Ван Жихай цохон тэмдэглэжээ. Түүхэнд анх удаа Хятадын эрх баригчид энэхүү "үйлдвэрлэлийн гол хүчин зүйл" -д хууль ёсны статус олголоо гэж тэрбээр хэлсэн байна.
"Мэдээллийг хамгаалах тухай хууль нь БНХАУ-ын мэдээллийн аюулгүй байдлын бүтээгдэхүүний зах зээлд илүү өргөн орон зайг бий болгоно. Үүнээс гадна, манай улсын бүх байгууллага шинэ дотоод журамтай болно" гэж Ван Жихай нэмж хэлжээ.
Шинэ хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх тухай зарлигт БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан байна. Энэхүү эрх зүйн баримт бичгийн гол үүрэг бол чухал мэдээллийг үр дүнтэй ашиглах, түүний нууцлалыг хангах, энэ чиглэлээр хууль эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэргээс урьдчилан сэргийлэх, улсын бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын халдашгүй байдлыг баталгаажуулах юм.