/BBC/. “Instagram” нийгмийн сүлжээ зурган дээрээ хэдэн лайк авснаа нуух сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгож эхэлжээ.
"Instagram"-ын мэдээлснээр, энэ нь нийгмийн сүлжээний хэрэглээнээс үүдэн хүмүүст учирч болзошгүй дарамтыг бууруулах зорилготой байна. Энэхүү сонголтыг идэвхжүүлсэн хэрэглэгчдийн зурган дээр лайкийн тооны оронд лайк дарсан нэгэн хэрэглэгчийн нэр ба “бусад” хэмээх үг харагдана.
“Instagram” ийм туршилтыг 2019 оноос хойш хэд хэдэн оронд явуулсан бөгөөд одоо ийнхүү дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм. “Бидний туршилт урьдчилан таамаглаж байснаас удаан үргэлжилсэн боловч хэрэглэгчдэдээ ийм боломжийг нээсэндээ баяртай байна” гэж “Instagram”-ын тэргүүн Адам Моссери “BBC” телевизэд мэдээлжээ.
“Instagram”-ын туршилт болон судалгаагаар лайкийн тоог харагдахгүй болгох нь хүмүүсийн зан авир, эрүүл мэндэд тун бага нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. Өмнө нь уг нийгмийн сүлжээг хэрэглэх нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байж болзошгүй гэх мэдээлэл гараад байсан юм.
Мөн Оксфордын их сургуулийн Интернэтийн хүрээлэнгээс саяхан танилцуулсан судалгаагаар, нийгмийн сүлжээний хэрэглээ, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн хооронд “маш бага холбоо” буйг тогтоожээ.
“Бид эдгээр судалгааны үр дүнг үл харгалзан хэрэглэгчдээ платформыг хэрэглэх хугацаагаа илүү таатай өнгөрүүлэхэд нь хувь нэмрээ оруулах үүднээс ийм шийдвэр гаргасан” гэж А.Моссери ярьсан байна.