General Motors компани бүрэн цахилгаан HUMMER SUV загвараа танилцууллаа

оруулсан Алсын Хараа

Америкийн автомашин үйлдвэрлэгч General Motors (GMC) компани өнгөрсөн оны аравдугаар сард HUMMER брэндийн бүрэн цахилгаан пикап загварын автомашинаа танилцуулж байв.

Тэгвэл өчигдөр цахилгаан хөдөлгүүртэй HUMMER SUV загвараа анх удаа танилцуулжээ.

Бямба гарагт NCAA Final Four тэмцээний үеэр үзүүлсэн видео сурталчилгаанд “supertruck” гэж нэрлэсэн шинэ нь SUV нь 2023 оны эхээр худалдаанд гарах тухай мэдээлсэн байна.

Шинэ загварын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Даваа гарагт өгөхөө GMC амлажээ.

HUMMER SUV нь эх биеэ өргөж өндөрсгөх, дөрвөн дугуйгаа зэрэг эргүүлж хөндлөн явах зэрэг бартаат замын Off-road чадваруудтай байх гэнэ.

2023 оны эхээр зах зээлд гарах “Edition 1” хувилбар нь $106,000 орчим үнэтэй байх бол “off-road package” нэмснээр $110,000 гаруй үнэтэй болох ажээ.

Уг хувилбар нь 830 морины хүчин чадал бүхий бүрэн цахилгаан хөдөлгүүртэй байх ба энэ нь бүрэн цэнэглэлтээр хамгийн богинодоо 480 км зам туулдаг байх гэнэ.

GMC компани нь 2010 онд шатахууны өндөр зарцуулалтаараа алдартай HUMMER брэндийн автомашины үйлдвэрлэлийг зогсоож байв.

Харин энэ удаа уг брэнд “төрөл арилжиж”, бүрэн цахилгаан автомашин болон шинээр зах зээлд гарах гэж байгаа юм.

Детроит хотод төвтэй GMC компани 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй ямар ч автомашин зарахгүй болсноо өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж байв.

Сэтгэгдэл бичих