Оюутолгойн асуудлаар "Рио Тинто" компанитай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ

оруулсан Алсын Хараа

 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын баг, "Рио Тинто" компанийн төлөөлөгчдийн хэлэлцээр ирэх долоо хоногт албан ёсоор эхэлнэ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.

Уг хэлэлцээрийг гурван үе шаттай явуулахаар удирдамжийн төсөлд тусгасан байна. Нэгдүгээр шатанд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг ярих юм. “Рио Тинто” компани Монгол Улсын тавьсан нэг их наяд гаруй төгрөгийн татварын актыг эсэргүүцэж, Лондонгийн арбитрын шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар дуудсан. “Рио Тинто” компаниас тус актын дагуу 650 тэрбум төгрөгийг Монгол Улсад шилжүүлсэн байна. Тиймээс хоёрдугаар шатанд татварын акт, татварын маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар 2009 оноос хойш Рио Тинто компанитай 15 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Эдгээр гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж, төслийг харилцан ашигтай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг гуравдугаар шатанд хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

ХЗДХ-ийн сайд, ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, Ажлын баг энэ долоо хоногийн бямба гарагт хуралдаж, хэлэлцээрийн үед хэлэлцэх асуудлын талаар саналаа нэгтгэнэ. Ингээд хэлэлцээрийн удирдамжийг ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, батлуулахаар төлөвлөж байна.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллароор төсөвлөж, төлөвлөгөөг батлуулсан. Харамсалтай нь энэ зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор өсөж, 6 тэрбум 750 сая ам.долларт хүрсэн. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сараас далд уурхайгаас олборлолт хийхээр төлөвлөж байсан ч 22 сараар хойшилсон талаар хөрөнгө оруулагч тал Монголын Засгийн газарт мэдээлэл өгч байгаа. Үүнээс болж Монгол Улсад төлөх татвар, ногдол ашиг хойшилж байгаа юм. Зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг “Рио Тинто” компани геологийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой гэсэн тайлбар хэтэрдэг. Гэсэн хэдий ч зардал өссөн нь төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болсон байж болзошгүй гэдэг мэдээллийг Засгийн газар анхааралтай судалж, өнгөрсөн оны 11 дүгээр сард “Рио Тинто” компанид албан бичиг хүргүүлсэн.

Далд уурхайн хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдсэн шалтгааны талаар хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах санал тавьсан юм. Үүний дагуу Оюутолгойн ТУЗ-аас тусгай хороо байгуулах санал гаргасан. Улмаар Оуютолгой төслийн ТУЗ уг асуудлыг шийдвэрлэж, төсөлд оролцож байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах хөндлөнгийн шинжээч томилох шийдвэр гарсан. Жижиг хувьцаа эзэмшигч гэдэгт Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл” комапийн бага хувьцаа эзэмшигчд хамаарч байгаа юм. Ингээд Засгийн газар болон “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид төслийн менежмент, худалдан авалт зэрэгт алдаа байгаа эсэхийг тогтоолгох, шинжээчдэд даалгавар өгөх ажлын багууд томилсон. Эдгээр баг энэ оны зургаадугаар сард дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгаа.

“Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигч нар Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтнаар гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг “Рио Тинто” компани нуун дарагдуулсан гэдэг асуудлыг хөндөж, АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрчийн мэдүүлэг өгсөн зарим хүн, “Рио Тинто” компани 2012 онд Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй, нуун дарагдуулсан, үнэт цаасны хорооны журмыг зөрчсөн байж болзошгүй гэдэг шалтгаанаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба, Санхүүгийн ноцтой гэмт хэргийн алба хяналт шалгалт эхлүүлсэн тухай мэдээлэл ирсэн. Засгийн газар эдгээр байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байгаа. Үүнтэй холбогдуулан далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаанаас болж өссөн бол хэлэлцээрийн шатанд хариуцлагын асуудал хөндөж тавих нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг хэлье” хэмээв.

Мөн тэрбээр, “Ирэх долоо хоногт хэлэлцээр эхлэх гэж байхад АНУ-д болж байгаа үйл явдал өндрөө авч байна. Зургаадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. Үүнд АНУ, Их Британийн холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа. Эдгээр байгууллага бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газарт нааштай нөлөөлөх хэмжээний шийдвэр гарч байгааг дуулгаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих