/Bloomberg/. “Clubhouse” нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв.
“Clubhouse”-ийн янз бүрийн "өрөөнүүд" -ийн ярианы бичлэг өөр цахим хуудсаар цацагдсан тухай мэдээлэл гарсны дараа ийм арга хэмжээ авч байгаа аж. Нийгмийн сүлжээний удирдлагуудын мэдээлж буйгаар, өнгөрсөн амралтын өдрүүдэд ярианы бичлэгүүдийг хөндлөнгийн вебсайтаар цацсан хэрэглэгчийн хаягийг хааж, цаашид ийм нөхцөл байдал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
“Clubhouse” нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Нийгмийн уг сүлжээнд зөвхөн хэн нэгэн урьсан тохиолдолд нэвтэрч, ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр "өрөө" нээж, санал бодлоо солилцдог байна.