Илон Маскийн амжилтын 6 зарчим

оруулсан Алсын Хараа

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 185 тэрбум ам.доллароос давж, Amazon-ыг үүсгэн байгуулагч Жеф Безосыг гүйцэж түрүүлснээр манай гараг дээрх хамгийн баян хүн боллоо. Шинэ жилийн баярын дараахан түүний эзэмшилд байдаг Тесла цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийн хувьцааны ханш дахиад л өсчээ.

Хэдэн жилийн өмнө ВВС агентлагийн сурвалжлагч Жастин Роулетт дэлхийн хамгийн баян хүнтэй уулзаж, түүний амжилтын нууц чухам юунд оршдог вэ гэдэг талаар ярилцаж байснаа өнөөдөр сэргээн нийтэлж байна. Илон Маск амьдралдаа 6 гол зарчмыг ягштал мөрдсөнөөр өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

  1. Мөнгө гол нь биш

Энэ бол бизнес хийхдээ баримталдаг И.Маскийн гол зарчим. 2014 онд тэрбээр ярилцлага өгөх үеэрээ өөрийн хөрөнгөний хэмжээг мэддэггүй гэдгээ хэлж байв. “Энэ бол шуудайтай мөнгө биш, би Tesla, SpaceX, SolarCity компаниудын тодорхой хувийг эзэмшдэг л дээ, харин зах зээл тэдгээрийн үнэ цэнийг тодорхойлдог” гэсэн хариултыг өгч байв.

Эд баялагт тэмүүлэх хүслийг тэрбээр огт үгүйсгэдэггүй бөгөөд тэрхүү хүсэл нь “ёс зүйтэй, зохистой” байх ёстой гэж үздэг.

Харин өөрийг нь арай л өөр зүйл далдаас залж залуурдаж байдгийг батлан хэлж байв.

“Төмөр хүн” киноны Төмөр хүний /Тони Старк/ дүрийг санагдуулдаг Маскийн хөрөнгө чинээ нь ВВС-д ярилцлага өгч байсан 2014 онд 10 тэрбумаар хэмжигдэж байсан бол өдгөө 185 тэрбумаас давжээ. Ялангуяа түүний эзэмшилд байдаг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн санхүүгийн үзүүлэлтүүд маш сайн байна. Тухайлбал, 2020 онд гэхэд тус компанийн хувьцааны ханш 700 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум ам.доллароос давжээ. Ийм хэмжээний мөнгөөр автомашин үйлдвэрлэгч Ford, General Motors, BMW, Volkswagen, Fiat Chrysler компаниудыг худалдан авах боломжтойгоос гадна цаана нь Ferrari-г авах мөнгө үлдэж байгаа юм.

 Tesla Model X 90D загварын цахилгаан автомашин 

Харин энэ онд 50 нас хүрч буй Маск баян чигээрээ үхэх бодолгүй байна. Хөрөнгөнийхөө ихэнхийг Ангараг гараг дээр бааз байгуулахад зарцуулахаар төлөвлөж буй тэрбээр уг төсөлд бүх мөнгөө зориуллаа ч гэсэн  харамсахгүй гэнэ. Ямартаа ч Билл Гейтс шиг хамаг мөнгөө банкинд үхмэл хөрөнгө болгоод хаячихгүй, ямар нэгэн сонирхолтой бөгөөд ашиг тустай зүйлд зарцуулах хүсэлтэй байна.

  1. Хүсэл сонирхлоо дага

Ангараг гараг дээр байгуулахаар төлөвлөж буй баазаа Маск амжилтанд хүрэх гол түлхүүр гэж үзэж байгаа ажээ. SpaceX-ийг жишээ болгон дурдъя. Америкийн сансрын хөтөлбөрүүдийн хамрах цар хүрээ нь өөрт нь хангалтгүй санагдсан учраас И.Маск энэ компаниа байгуулахаар шийджээ.

“Хүмүүс бид Дэлхийн тойрог замаас гарч, Ангараг дээр очиж, Саран дээр бааз байгуулна гэж би бодож байсан. Тойрог замд гарах нислэгүүд ердийн зүйл болно гэж хүлээсээр байсан” гэж дэлхийн хамгийн баян хүн ярьж байна. Гэвч энэ хүлээлт  нь талаар болсон учраас “Ангарагийн баянбүрд” байгуулах санаа Маскийн толгойд орж иржээ. Үүний тулд Ангараг дээр авсаархан хүлэмж барих зорилтыг тэрбээр тавилаа. Энэ төсөл хэрэгжсэнээр сансрын судалгаа явуулах сонирхол дахин сэргэж, Америкийн Засгийн газар НАСА-д өгч буй санхүүжилтээ нэмэгдүүлнэ гэж тэрбээр найдаж байна.

Шинэ санаагаа хэрэгжүүлэхээр оролдох явцад Маск нэг зүйлийг ойлгож авав. Гол бэрхшээл нь хүсэл сонирхол байхгүйд бус харин арга чарга олдохгүйд оршиж байжээ. Сансрын технологи нь төсөөлснөөс хамаагүй үнэтэй байсан тул хамгийн хямд өртгөөр сансрын пуужин зохион бүтээхээр бизнесийн гараагаа эхлүүллээ. Гэхдээ мөнгө олохдоо гол нь бус харин Ангараг руу хүн илгээх гэсэн хүсэл нь давамгайлж байлаа.

Маск бидэнд ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө хөрөнгө оруулагч гэхээсээ илүүтэй инженер хүн гэж үздэгээ хэлж байсан юм. Ажил хийх урам зоригийг төрүүлж буй гол зүйл бол түүний хувьд техникийн шийдлийг олох гэсэн чин хүсэл ажээ. Банкинд байгаа долларын тоо хэмжээ бус харин хүсэл тэмүүлэл нь түүний амжилтын хэмжүүр болж байдаг. Түүний компаниудын даван туулж буй бүхий л саад бэрхшээл нь үүссэн асуудлуудыг шийдэхэд нь бусад компанид тус нэмэр болох ёстой. Энэ үүднээс тэрбээр Tesla-гийнхаа патентыг нийтийн хүртээл болгохоор шийдвэрлэж, энэ нь дэлхий даяар цахилгаан автомашин зохион бүтээх явцыг хурдасгана хэмээн найддаг.

  1. Том зорилго тавихаас бүү ай

Маскийн байгуулсан компаниудын гол онцлог бол том зорилтууд өмнөө тавиад тэдгээрийгээ хэрэгжүүлж буй явдал юм.

Автомашины үйлдвэрлэлд хувьсгал хийх, Ангараг гарагийг байлдан дагуулах, хиймэл оюун ухааныг хүний тархитай холбох, вакуум хонгилоор хурдлан давхих супер галт тэрэг зохион бүтээх, зай хураагуур үйлдвэрлэл ба нарны эрчим хүчний салбарт эргэлт гаргахыг тэрбээр хүсдэг. Гэхдээ энэ бүхнийг зангидсан үндсэн чиг шугам алга. Эдгээр бүх төсөл нь 1980-аад оны эхээр хүүхдийн сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсан өгүүллэгүүдийн уран сэтгэмж, зөгнөлт санаануудтай үндсэндээ ижил. ӨАБНУ-д төрж өссөн Маскийг тэр үеийн ном зохиол, кинонууд ийм дэврүүн тэмүүлэлтэй болгожээ.

Энэ бол “Хүсэл тэмүүллээ бүү хорьж саатуул” гэсэн Маскийн 3 дахь зарчим юм.

Өргөн цар хүрээтэй зорилтыг хэрэгжүүлэх чадваргүй байгаа нь ихэнх компанийн хувьд асуудал болоод байна гэж Маск үздэг. Ихэнх бизнес эрхлэгчид бага багаар урагшлахыг илүүд үздэг. “Хэрвээ та том компанийг удирддаг бөгөөд багахан хэмжээгээр өөрчлөн сайжруулахыг хүсдэг бол ямар нэгэн зүйл болохоо больж, удаашрах аваас таныг хэн ч буруутгахгүй.

Харин та үнэхээр далайцтай том зорилтыг өмнөө тавиад түүндээ хүрч чадахгүй бол таныг ажлаас чинь халах нь тодорхой. Ийм учраас ихэнх компаниуд бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах тал дээр, шинэ зүйлийг санаачлах тал дээр тун хойрго ханддаг" хэмээн Маск дүгнэн хэлсэн юм. Ийм учраас үнэхээрийн чухал зүйл дээр хүчин чармайлтаа төвлөрүүлэн ажиллахыг тэрбээр зөвлөж байна.

Маскийн хувьд чухам юуг хамгийн чухалд үздэг вэ гэдэг дээр хоёр зүйлийг онцлох нь зүйтэй.

Нэгдүгээрт, тэрбээр хүн төрөлхтөн органик түлшнээс татгалзах явцыг хурдасгахыг хүсдэг.

Хоёрдугаарт, Ангарагийг эзэмшсэнээр хүн төрөлхтний оршин тогтнох хугацааг уртасгах, хүн төрөлхтнийг гарагууд дамнан амьдардаг болгохыг хүсдэг.

  1. Эрсдэлээс бүү ай

Амжилтанд хүрэхийн тулд эрсдэлд бэлэн бай. Энэ үг түүний хамтран зүтгэгчдэд гэхээсээ илүүтэй Маскад илүү тохирно.

2002 онд тэрбээр өөрийн анх сэдсэн хотуудаар аялах Zip2 интернэт хөтөч ба онлайн төлбөрийн системээр дагнасан PayPal компанийхаа хувьцааны тодорхой хэсгийг зарсан. Тухайн үед дөнгөж 30 настай байсан түүний дансанд бараг 200 сая ам.доллар байлаа. Тэрбээр энэ мөнгөнийхөө талыг бизнестээ зарцуулаад үлдсэн талыг нь хадгална гэж төлөвлөж байжээ. Гэвч бодит байдал дээр бүх зүйл арай өөрөөр эргэв. 

Шанхай дахь Теслагийн үйлдвэр 

Бид хоёрыг анх уулзаж байх тэр мөчид Маскийн бизнест тохиосон хамгийн хүнд хэцүү үе дөнгөж шувтарч байлаа. Шинээр байгуулсан компаниуд нь ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч, SpaceX пуужингаа хөөргөх гэсэн 3 удаагийн оролдлого бүтэлгүйтэж, Теслагийн зураг төслийг боловсруулах, үйлдвэрлэлийн дамжлага ба нийлүүлэгчидтэй харилцахтай холбоотой янз бүрийн асуудал үүсч байв.

Үүний дараа санхүүгийн хямрал нүүрлэлээ. Маскийн өмнө яггүй сонголт тулгарав. “Хэрвээ би бүх мөнгөө өөртөө хадгалаад үлдсэн бол компаниуд маань хямралыг давж чадахгүй байлаа. Өөрт буй бүх мөнгөө хөрөнгө оруулалтанд ашиглаваас ямар нэгэн боломж гарч ирэх ч юм билүү гэж би бодож байсан” гэж тэрбээр ярьж байв. Маск мөнгөнөөсөө хагацахаар шийджээ.

Зарим үед асар их өрөнд унаж, өдөр тутмын хэрэглээний мөнгөө найз нөхдөөсөө зээлж байсан гэдгээ Маск нуусангүй.  Дампуурах эрсдэл байсан ч гэлээ тэрбээр үүнээс огт айгаагүй ажээ. “Миний хүүхдүүд улсын сургуульд сурахаас аргагүй болох байх даа, гэхдээ би ч гэсэн цагтаа улсын сургуульд явж л байсан”.

  1. Шүүмжлэлийг бүү тоо

Өөрийг нь доромжлон тохуурхаж байсан нь түүний урмыг үнэхээр хугалж байсан үе бол 2014 он. Бүтэлгүйтэл азгүйтэл тохиох бүрт олон шинжээч, тоймчид баясан даапаалж, блогерууд “Тесла”-гийнх нь мөхлийн талаар "он дарааллын тэмдэглэл" хөтөлж байлаа.

Хэтийн төлөвлөгөөнд нь бардамнал, аагархах хандлага ажиглагддаг гэдгийг олон хүн хэлж шүүмжилдэг байсан тухайд асуухад Маск хариулахдаа “Ямар нэгэн зүйлийг гарцаагүй хийж чадна гэж амласан бол энэ нь бардамнал, харин бидний хувьд, ямар нэгэнд зүйлд хүрэхийг хүсэж байна, үүний тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах болно гэж хэлдэг” гэсэн юм. Энэ бол “Таныг шүүмжилж буй хүмүүсийг бүү сонс” гэсэн Илон Маскийн зөвлөгөө.

SpaceX, Tesla-гаа дөнгөж байгуулж байх үедээ эдгээр компани өөрт нь хэзээ нэгэн цагт ашиг авчирна гэж огт бодож байгаагүй гэдгээ Маск ярьсан юм. Ер нь хэн ч үүнд итгэж байгаагүй билээ.

Гэсэн ч бүтэлгүйтэл сүйрлийг зөгнөсөн таамаглалуудыг тэрбээр огтхон ч анзааралгүйгээр урагшилсаар л байлаа.

Юуны учир тэрбээр ингэж зориглов оо? Амжилт гэдгийг олсон мөнгөний хэмжээгээр бус, харин явцын дунд шийдэж чадсан асуудлын тоогоор үнэлж цэгнэдэг хүний тухай бид ярьж байгаа юм.

Санхүүгийн тооцоо нь буруу байсны учир хэн нэгэн түүнийг “тэнэг” гэж дүгнэхэд Маск үүнийг огтхон ч тоодоггүй. Түүний хувьд шинэ чухал санааг хэрэгжүүлэх нь хамгийн үнэт зүйл нь юм. Үнэхээрийн чухал зүйлд анхаарлаа хандуулж чадсанаар шийдвэр гаргах нь амар хялбар болдог.

Зах зээл ч гэсэн түүний хийж бүтээж буйг “ура” хашгиран хүлээж авлаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сард хөрөнгө оруулалтын Morgan Stanley банк SpaceX компанийг 100 сая ам.доллароор үнэлсэн бөгөөд тус компани сансрын нислэгийн зах зээл дэх тоглоомын дүрмийг өөрчилж чадлаа. Харин Маскийн хувьд, тэрбээр Америкийн сансрын хөтөлбөрт шинэ уур амьсгал оруулж чадсан гэдгээрээ улам их бахархаж байна.

2020 онд Маскийн бүтээсэн Crew Dragon сансрын хөлгүүд 6 сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад хүргэлээ. Энэ бол 2011 онд “Шаттл”-ын нислэг зогссоноос хойш Америкийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн анхны пуужингууд юм.

  1. Амьдралаас таашаал хүрт

Та дээрх зөвлөгөөнүүдийг дагах аваас тодорхой аз тохиосон үед ер бусын их алдар хүндтэй, баян чинээлэг болж чадна. Тэр үед алжаал ядралаа түр ч атугай мартаж болох юм.

Маск бол үнэхээрийн их хөдөлмөрч хүн гэдгийг бүгдээрээ мэдэх бөгөөд Tesla Model 3 загварын автомашинаа үйлдвэрлэхийн тулд долоо хоногт 120 цаг ажиллаж байсан гэдгээрээ тэрбээр ихэд бахархдаг байлаа. Харин бидний ярилцлагаас хойш түүний хувьд амьдралаас аль болох их таашаал хүртэх цаг зав гарч ирсэн бололтой.

Тэрбээр элдэв дуулиан шуугианд олонтоо холбогдож байлаа. Бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд дуудагдсан, телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сулавтар үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэглэснээс гадна нийгмийн сүлжээнд хоёрдмол утгатай янз бүрийн пост оруулсан гэх мэт.

2018 онд Америкийн санхүүгийн зохицуулах байгууллага түүнийг шалгаж эхлэв. Учир нь, тэрбээр Тесла компаниа зах зээлээс татаж, хувийн корпораци болгохоор төлөвлөж байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. Харин цар тахлын улмаас Сан-Франциско дахь Теслагийн үйлдвэр хаагдах үед И.Маск хөл хорио тогтоохын эсрэг байр сууриа олон нийтийн өмнө илэрхийлж байв.

Тэрбээр твиттер хуудсандаа коронавируснээс үүдэлтэй сандрал үймээнийг “тэнэглэл” гэж нэрлээд, гэртээ байх зөвлөмжийг “хүний эрх чөлөөг хүчээр хумисан шийдвэр”, “үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, фашист маягийн шийдвэр” гэж шүүмжилж байв.

Өнгөрсөн зун тэрбээр мэдэгдэхдээ “Өмч хөрөнгө маань надад тээр дараа болж байгаа учраас өөрт буй бүх зүйлээсээ татгалзахад бэлэн" гэж байв. Харин хэдхэн өдрийн дараа шинээр төрсөн хүүдээ "X Æ A-12 Маск" гэдэг нэр өгсөн тухайгаа твиттер хуудсандаа бичиж байх жишээтэй.

Дашрамд хэлэхэд, түүний гаргаж буй гэнэтийн ааш аяг, үйлдэл нь бизнест нь саад болдоггүй бөгөөд түүний амбиц урьдын адил өндөрт хэвээр байна.

9 дүгээр сард Маск мэдэгдэхдээ “3 жилийн дотор 25 мянган ам.долларын үнэтэй төгс машинаа зах зээлд гаргана, Теслагийн бүх шинэ машинууд автомат жолоодлоготой болно" гэж амлажээ.

Хүмүүсийг Ангараг гарагт хүргэх Starship сансрын хөлөг 

Өнгөрсөн 2020 он Маскийн хувьд жинхэнээсээ хурц тодоор гялалзсан үе байлаа. 12 дугаар сард SpaceX компани “Старшип” шинэ пуужингаа туршсан бөгөөд энэ пуужингаар Ангараг гараг руу хүмүүсийг тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Нүсэр том пуужин 6 минутын амжилттай нислэг үйлдсэнийхээ дараа буух үедээ дэлбэрчээ. Гэсэн хэдий ч Илон Маск энэхүү туршилтыг “гайхамшигтай амжилт” гэж үзэж байна.

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-55576467

Сэтгэгдэл бичих