13-хан настай монгол хүү Америкийн алдарт Никелодеон сувгийн “All that” инээдмийн шоуны шалгаруулалтад тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж, ярилцлага авч байсан билээ. Тэгвэл энэ удаа авьяаслаг хүү С.Чингүүн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд илтгэл тавихаар болжээ.
Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “Nickelodeon”, “Time for Kids” болон “Time” сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the year"/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон байна.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол" энэ онцгой үйл ажиллагаанд оролцохдоо маш их догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.