Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2020 онд Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэсэн байна.
1.Монголыг тойроогүй “COVID-19”
Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улс анх удаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог Улаанбаатар хотод 97 хувьтай хэрэгжүүллээ.
Энэ оны гуравдугаар сард Франц улсаас ирсэн иргэнд коронавирусний халдвар илэрсэн нь гадаадаас зөөвөрлөгдсөн анхны тохиолдол байсан ч БНХАУ-д коронавирус анх дэгдсэн цагаас Монгол Улс хилээ хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасны хүчинд дотооддоо халдвар гаргалгүй 10 сар болсон юм. Харин 11 дүгээр сарын 11-нд тусгаарлалтаас гэртээ гарсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүл коронавирусээр халдварласан нь тогтоогдож, дотоодын анхны тохиолдол илрэн энэ өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд халдварын голомтыг тодорхой хэмжээнд хумьсан тул 12 дугаар сарын 16-наас шат дараатай буулгаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
Улмаар цар тахлын үед иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон тул Засгийн газраас улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргав.
Ташрамд дурдахад, коронавируст цар тахлын үед Монгол Улс тусгай нислэгээр дэлхийн 80 гаруй улсаас 21 мянга орчим иргэнээ эх орондоо татан аваад байна.
2. Цар тахлын үеийн айлчлалууд
Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахал БНХАУ-д ид дэгдэж байсан хоёрдугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж, цар тахлын үед гадаадад айлчилсан анхны Төрийн тэргүүн боллоо. Айлчлалын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзаж, халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцсоноос гадна Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн нь олон улсад Sheep Diplomacy буюу “Хонины дипломат” гэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн цар тахлын үеийн айлчлал Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын Монгол Улсад хийсэн айлчлалаар үргэлжлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яамдын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Протоколд гарын үсэг зурлаа. Мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээж, 2 талын экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэхэд түлхэц үзүүлэх алхам болов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван есдүгээр сарын 20-22-нд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар 2019 оны 9 дүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор уг гэрээ хүчин төгөлдөр болов. Түүнчлэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах, “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв. Харин Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-нд Монгол Улсад албан ёсоор айлчлахад Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгох тухай солилцох ноот бичигт гарын үсэг зурсан юм.
3. Сонгууль-2020: Эрх баригчдын бодлого үргэлжилнэ
Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэн, төрийн эрх барих дээд байгууллагаа энэ оны 6 дугаар сарын 24-нд 8 дахь удаагаа сонгов. Сонгуулийн саналын дүнгээр МАН буюу өнөөгийн эрх баригчид бодлого шийдвэрээ үргэлжлүүлэх үүргийг ард түмнээс авлаа.
Тодруулбал, УИХ-ын 8 дахь сонгуулийн дүнгээр МАН хамгийн олон буюу 62, АН 11 суудал авав. Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Зөв хүн электорат эвсэл-ээс Т.Доржханд, бие даан нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар сонгогдлоо.
Мөн аравдугаар сарын 15-нд болсон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр МАН НИТХ-ын 45 суудлын 34-ийг авсан төдийгүй 13 аймгийн ИТХ-д мөн олонх болсон юм. Харин АН 8 аймагт ялалт байгуулснаас гадна НИТХ-д 8 суудалтай болов. Мөн ХҮН НИТХ-д 3 суудал авч анх удаагаа сонгуульд амжилттай оролцов.
4. Хүннү гүрний нийслэл байж магадгүй хотын туурийг илрүүлэв
Археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан Улаанбаатар Их сургуулийн судалгааны баг энэ оны зургаадугаар сард Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километрт орших хотын туурьт малтлага хийж “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй вааран чимэглэл оллоо. Энэхүү олдворт үндэслэн уг газрыг Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь хэмээн зарласан юм.
Т.Идэрхангай нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 жилийн турш Орхон, Тамир, Хануй, Хүнүйн голын сав газарт хүннү булш, хотуудын байршлыг нарийвчлан судалсаар 2017 онд уг туурийг олжээ. Судалгаа, малтлагыг нарийвчлан хийх явцдаа "Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр шиг өнө мөнх, мянга түм насал" гэсэн бичигтэй ваар олсон байна. Улмаар энгийн нэг ноёны ордныг "Тэнгэрийн хүү Шаньюй" гэж чимэглэх боломж байхгүй хэмээн үзэж, гурван жилийн судалгааны дүнгээ Луут хотын туурь хэмээн зарласнаа археологич онцолсон юм.
5. Монголын хөгжлийн загвар-“Алсын хараа-2050”
УИХ-ын чуулганы энэ оны тавдугаар сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг батлав.
Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон уг бодлогын баримт бичгийг боловсруулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн, судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш 1500 гаруй хүн гар бие оролцжээ. Найман сарын хугацаанд боловсруулсан уг баримт бичигт 1914 оны “Монголор” хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялгийг бадруулах хэлтэс, 1945 оны Улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан 8 удаагийн 5 жилийн төлөвлөлтөөс эхлээд сүүлийн 100 жилийн хугацаанд салбар салбарт хэрэгжүүлсэн 500 гаруй хөгжлийн бодлогыг нэгтгэжээ. Тиймээс “Алсын хараа-2050” бол Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” болсон хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилго, 47 зорилтоос бүрдсэн “Алсын хараа-2050”-ыг 2021-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван үе шатаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байсан. Одоо ч хэвээр бөгөөд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн өсөлт, бууралт нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс ирэх 30 жилийн бодлогод,
1. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд,
2. Хүнд, хөнгөн, хүнс гэсэн 3 төрөлтэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан боловсруулах аж үйлдвэр,
3. Эрчим хүчний салбар,
4. Тээвэр, ложистикийн салбар,
5. Төрөлжсөн аялал жуулчлал ба түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл,
6. Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбар зэргийг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрийн бодлогоор онцгойлон дэмжихээр тусгасан байна. Ингэснээр Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2030 онд 12 мянга, 2050 онд 38 мянган ам.доллароос дээш болно хэмээн тооцжээ. Мөн хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс болж, Ази Номхон далайн бүсэд өрсөлдөхүйц хөгжилтэй улс болно хэмээн Засгийн газар тооцож байна.
6. Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэл бэхжив
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг энэ оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа батлав.
Тогтоолд хоёр улс 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Замын зураглалыг тохиролцсон, МСК-ын Хоёрдугаар компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг онцолжээ.
Улмаар Монголын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Монгол, Америкийн худалдааг нэмэх, Монголын ардчилал, эдийн засгийн хөгжил, авлигатай тэмцэх хүч чармайлтыг дэмжихийг Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац болон АНУ-ын Засаг захиргааны холбогдох бусад байгууллагад уриалсан байна. Түүнчлэн Монгол Улсын ардчилсан хөгжилд иргэний нийгмийн оролцоо чухал болохыг тэмдэглэж, чөлөөт, шударга, итгэлтэй сонгуулийн тогтолцоогоо тууштай байлгах, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх, тэдгээрийн хараат бус байдлыг сайжруулж ажиллахыг Монголын талд уриалжээ.
Уг тогтоол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна АНУ-ын Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явцад түлхэц болно хэмээн ажиглагчид үзэж байна.
7.Цахим Монгол
Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ оны 11 дүгээр сарын 2-ноос ашиглалтад оруулав. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.
Иргэд төрийн үйлчилгээ авахад дунджаар 30 минутын хугацаа зарцуулдаг байсан бол дээрх системийг нэвтрүүлснээр гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулах боломжтой болсон юм. Энэхүү системд цаашид төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахимд шилжих багц хуулийн төсөл боловсруулж буй юм. Үүнд, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл багтаж байна.
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас 10 тэрбум орчим төгрөгийг нэг жилд хэмнэх боломжтой аж.
8. Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь буурав
Сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын нэг гэгдэж байсан Улаанбаатар хотын агаарын бохирдол 2019-2020 оны өвөл 50 хувь буурлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62-р тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулах шийдвэртэй алхам болсон юм.
Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг байсан нь агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр болж байв. Харин ноднингоос “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшийг нийслэлийн төвийн 6 дүүрэгт хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурсан юм. Улмаар Засгийн газар арванхоёрдугаар сарын 8-нд шахмал түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нийслэлийн бүх дүүргийг шахмал түлшээр хангах боломж бүрдлээ. Мөн Засгийн газраас “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулан шахмал түлшний үнийг 75 хувь бууруулаад байна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол нийт 80 хувь хүртэл буурах боломжтой хэмээн албаныхан үзэж байгаа юм.
9. Уул уурхайн бүлэг ордыг эргэлтэд оруулж, эдийн засгийг тэтгэх төмөр зам
Монгол Улс ирээдүйн 30 жилийн хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасан гол зорилтын нэг нь дэд бүтцийн салбар бөгөөд энэ салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Зүүнбаян-Тавантолгойн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замчид энэ оны 11 дүгээр сарын 30-нд 4000 дахь үеэ угсарч нийт 100 километр зам тавьж дуусгалаа. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх 2022 онд дуусах бөгөөд Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг тэтгэх, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэх боломж бүрдэх юм.
Мөн арваад жилийн өмнөөс газрын тос олборлогч орон болсон Монгол Улс энэ салбартаа шат ахиж, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас бүтээн байгуулах шатанд шилжив. Тодруулбал, энэ оны 10 дугаар сард анхны Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт (EPC-1)-ын гэрээг байгуулсан юм.
10. ФАТФ-ын саарал жагсаалтаас гарав
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналт буюу “саарал жагсаалт”-аас албан ёсоор гарсныг тус байгууллагын ерөнхийлөгч, доктор Маркус Плейер энэ оны 10 дугаар сарын 23-нд зарлав.
Санхүүгийн гэмт хэргийн шийдвэрлэлт бага байна гэдэг шалтгаанаар 2019 онд Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсон. Тиймээс энэ байдалдаа бодитой дүгнэлт хийж, төр засгаас тодорхой ажил хийсний дүнд нэг жил хүрэхгүй хугацаанд уг жагсаалтаас гарлаа. Тодруулбал, хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг сольж, санхүүгийн гэмт хэргүүдийг шүүхээр шуурхай шийдвэрлэж, шүүхийн шинэчлэлтэй холбоотой хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэж байгаа зэргийг ФАТФ-ын чуулганд оролцсон 130 гаруй улс болон олон улсын байгууллагын төлөөлөгч дэмжиж, санал нэгтэйгээр жагсаалтаас гаргасан юм.