Коронавируст халдварын тоо 11-ээр нэмэгдэж 842 болжээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд  аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 20 240 хүнд шинжилгээ хийснээс  11 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, “Улаанбаатар хотод шинээр гурван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээ бөгөөд нэг тохиолдол нв автобусны жолоочтой ойр харилцсан хүн байна. Нийт автобус баазын 512 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод кластер халдварын нийт 99 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн дөрвөн тохиолдол нь гэр бүлийн болон ойрын хавьтлын шинжилгээнээс коронавирус илэрчээ. Дорновь аймгийн Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь  мөн ойрын хавьтал байв. Ингэснээр Сэлэнгэ аймагт 197,  Дорноговь аймагт 25 тохиолдол болж байна” хэмээв.

Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 842 болж байна. Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэнээр 368 хүн эдгэрээд байна. Ажиглалтад 35 , гэрийн хяналтад 11 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 465 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүн маш хүнд, 6 нь хүнд, 76 нь хүндэвтэр, 377 нь хөнгөн байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэлсэн байна. Тус аймагт одоогоор дөрвөн хүн эмч байгаа тэдний биеийн байдал хөнгөн байгаа аж. Монгол Улс дахь багц өвчлөлийн голомт:

Улаанбаатар -99

Сэлэнгэ -197

Дархан-Уул -45

Дорноговь -25

Орхон -24

Говьсүмбэр -4

Архангай -3

Улаанбаатар хот дахь багц өвчлөлийн голомт:

Баянгол дүүрэг -26

Баянзүрх дүүрэг -24

Чингэлтэй дүүрэг -1

Сүхбаатар дүүрэг -16

Сонгинохайрхан дүүрэг -15

Хан-Уул дүүрэг -16

Багануур дүүрэг -1

Багц өвчлөлийн голомт, хороогоор:

Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо

Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо

Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо

Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20, 29-р хороо

Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо

Чингэлтэй - 19-р хороо

Багануур - 4-р хороо

АНУ-ын Өвчин судлалын төвөөс хүн хоорондын зай барьснаар нэг өдөрт халдвар тарааж болох хүний тоог 75 хувиар бууруулна гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс иргэдийг хүн хоорондын зай барих, хэрвээ боломжгүй нөхцөлд дотоод гадаад орчинд амны хаалт зайлшгүй зүүж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “Зай барих нь амны хаалт зүүхтэй адил коронавирусээс сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг дэлхий дахинд баталсан. Тиймээс дотоодын халдвар гарсан орнуудад зай барих аргыг хүн бүр хэрэгжүүлэх хэрэгтэй. Коронавирусээр халдварласан хүн хэрвээ зай бариагүй тохиолдолд дэлхий дахинд 2.5-4 хүнд халдвар тарааж байгаа бол манай улсын хувьд 6-8 хүнд тарааж байгаа. Бид хэдийгээр өргөн уудам нутагтай, хүн ам шигүү ч гэсэн бие биетэйгээ ойрхон харилцдаг арга барил, зан үйлтэй. Тухайлбал, халдвартай хүн 6 хүнтэй ойрын зайнаас харилцахад 30 хоногийн дараа 2400 хүн цаашлаад 3200 хүн халдварлах магадлалтай байна. Тиймээс бие биетэйгээ ойрын зайнаас харилцахгүй байх, ялангуяа 1.5-2 метр зайг хүн бүр баримтлах хэрэгтэй” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар хариулсан юм.

-Коронавирусний халдвартай хүмүүсийн эмчилгээний орыг нэмсэн үү?

Д.Нарангэрэл: ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг эмчлэх ор хүрэлцээтэй байгаа. Мөн Яармагт 300 ортой эмнэлэг бий. Аймаг, орон нутагт өвчтөнүүдийг эмчилж байгаа. Тухайлбал, Дархан-Сэлэнгэ аймаг байна. Тэгэхээр улсын хэмжээнд эмчилгээний болон эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа.

-Вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийг хэрхэн хянаж байна вэ?

А.Амбасэлмаа: Хүмүүсээ ХӨСҮТ-д вирус илрэхгүй болтол нь байлгана. Үүний дараа сувиллын 14 хоногийн ажиглалтад шилжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2 удаа шинжилгээ авна. Тэгээд гэрийн ажиглалтад 14 хоног байлгах бөгөөд энэ үед нь түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалганд хаяг шошго наахгүй.

-Коронавирусний халдвар илэрсэн автобусны жолооч ажлаа хийж байсан уу?

А.Амбасэлмаа: Энэ жолооч өнгөрсөн сарын 29-нөөс хойш ажилдаа очоогүй байсан. Гэхдээ бид түүний ойрын хүмүүс болон нэг унаагаар ажилдаа явдаг, орой хүргүүлдэг 17 хүнийг тусгаарласан. Мөн тухайн автобус баккын 500 гаруй хүнийг түргэн болон PCR шинжилгээнд хамруулсан. Халдвар тараасан байх эрсдлийг тооцохдоо вирус илрэхээс өмнөх 24-48 цаг, илэрснээс хойшхи 14 хоногийн хугацаанд тухайн хүнтэй ойр байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж, тусгаарладаг журамтай. Бид энэ хугацааг халдвар илрэхээс өмнөх хугацааг 5 хоногоор, илэрсний дараах хугацааг 7 хоног сунгасан. НЭМГ-ын 70 мянган өрхийн дунд хийх болон орон нутаг руу явах хүмүүсээс авах шинжилгээ бол том тандалт, илрүүлэг юм. Сүүлийн 3 өдөрт 30-40 мянган хүнд шинжилгээ хийсэн бөгөөд вирус илрээгүй байна.

-Шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нийслэлээс гаргасан тухай мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Л.Зэндмаа: Нийслэлээс шинжилгээ өгөөгүй иргэдийг гаргасан тохиолдол байхгүй. Улаанбаатараас гарах гэж байгаа иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгөх ёстой гэж ярьж байсан. Гэхдээ цахимд бүртгэлд саатал гарсны улмаас иргэд шинжилгээний хариугаа хугацаанд нь авч чадаагүй асуудал гарсан. Тиймээс цахим бүртгэлийн саатлаас үүдсэн тул шинжилгээ өгсөн хүмүүсийг саадгүй гаргасан юм.

Сэтгэгдэл бичих