Коронавируст халдварын тоо 7-гоор нэмэгдэж 819 болжээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд өчигдөр хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид PCR шинжилгээг нийт 16 599 хүнд хийснээс  7 хүнд коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдсэн нь өвчтэй хүнтэй ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаад байсан хүний гурав дахь шинжилгээний хариу юм. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол бүртгэгдсэнээс нэг гэр бүлийн таван хүн болон ажиглан тусгаарлах байранд байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.

Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд "COVID-19" халдварын тохиолдол 819 болсон бөгөөд сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ээс 7 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжжээ. Одоогоор ажиглалтад 42, гэрийн ажиглалтад 1 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

 ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт  445 хүн эмчлүүлж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн дунд маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.3-ны байдлаар 376 болжээ.

Сэлэнгэд 189

Улаанбаатарт 91

Дархан-Уулд 44

Орхонд 24

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.

Коронавирусээр халдварлагсдын 12-19 хувьд хуурай ханиах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх толгой өвдөх, халуурах шинж тэмдэг  илэрч байна.

Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.

Харин 4-10 хувьд нь нусгайрах, амт, үнэр мэдрэхгүй болох,  булчин, үе мөч өвдөх, ядрах сульдах, дотор муухайрах 1-2 хувьд суулгах, хамраас цус гарах, хамар, хоолой хуурайших, амьсгаадах, цээж хөндүүрлэх, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Насны хувьд, 9 хүртэлх насны 47 хүүхэд, 55-аас дээш насны 50 хүн,  80, 81, 90 настай хүмүүс эмчлүүлж байгааг тэрбээр дурдсан юм.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 -Өчигдөр ШЕЗ-ийн нэг хүнд халдвар илэрч, тэнд ажиллаж байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж тусгаарлахдаа ялгавартай хандсан нь ямар учиртай вэ, мөн 119 лавлах ажиллахгүй байна гэж иргэд гомдоллож байна. Үүнд хариулт өгнө үү?

-ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусний халдвар авсан нь 11 дүгээр сарын 28-нд батлагдсан. Бид тандалт явуулсны үр дүнд ойр харилцсан хүмүүсийг нь олж тогтоосон. Ойрын хавьтал гэдгийг тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор, максгүй, 1,5 метрээс дотогш зайнд харьцсан хүмүүсийг хэлдэг. Тиймээс ШЕЗ-ийн 2 дугаар давхрын хүмүүсээс шинжилгээ /50 гаруй хүн/ авсан. Улмаар тун ойрын хүмүүсийг нь тусгаарласан. Хоёрдогч хавьтлын хүмүүсийг гэрийн ажиглалтад авсан. Урьдчилсан байдлаар 37 хүнээс нь коронавирус илрээгүй байна. Тэнд манай 2 баг очиж, журмын дагуу ажилласан. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Энд онцлон хэлэхэд, хавьтлын үзүүлэлтээр тусгаарлалт хийдэг, харин ажил, албан тушаалаар нь ялгаварладаггүй гэдгийг иргэд ойлгох ёстой. ХӨСҮТ-ийн 119.мн өчигдрөөс ажиллаж эхэлсэн.

-ХУД-ийн 12 хорооны Биокомбинатад халдварын сэжигтэй тохиолдол гарсан уу?

-ХУД дэх "Энхсаран" сувиллын орчинд бид өчигдөр шөнө тусгай ажиллагаа явуулсан. Энэ сувиллын орчинд байгаа хүмүүс, тэнд барилгын ажил хийж байсан хүмүүсийг тандалтад авсан. Энэ орчны газрыг бид дроноор зураг, бичлэг хийж тандахад нэг усан сантай, нэг дэлгүүрээр үйлчлүүлдэг, найз нөхдийн хүрээнд хоорондоо уулздаг, орж гарах зэргээр ойр холбоо харилцаатай нь тогтоогдсон. Ингээд УОК, НОК-ын Шуурхай штабтай хамтарч урд шөнө 120 өрхийн 400 гаруй хүнээс шинжилгээ авсан. Яг тэнд амьдардаг өрх айл, хүмүүсийг тусгаарлалтад аваад байгаа.

 -Манай өмнөх хөрш саяхан коронавирусний эх үүсвэрийг хамтран тогтоох судалгаа хийхээр ДЭМБ-ын төлөөлөгчдийг урьсан. Үүнийг тогтоосноор халдварын эмчилгээнд ямар ач тустай вэ, ер нь энэ судалгаа ямар үр дүнтэй талаар мэргэжлийн үүднээс тайлбар өгнө үү?

-Коронавирусний халдварын эх үүсвэрийг олж илрүүлэх нь хамгийн ач холбогдолтой. Халдварын эх үүсвэр, дамжсан зам, гинжин хэлхээг таслан зогсоовол ямар ч голомтыг цомхотгон дардаг учиртай. Юунаас болсныг, бас дамжсан замыг тогтоосноор дэлхий дахины аюулыг багасгах боломжтой. Эмчилгээний хувьд эмнэл зүйн илрэл, хүндрэлийн зэргээс хамаарсан эмчилгээний тактик одоо барьж байна. Эх үүсвэрийг илрүүлбэл халдварын эх уурхай, гинжин хэлхээг таслах, тархалтыг бууруулах үр дүнтэй юм.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Улаанбаатар хот болон 2 аймагт үргэлжилж байна. Мэдээж өвчний тархалтын байдлыг урьдчилан хэлэх төвөгтэй ч, ер нь энэ арга хэмжээний дараа ямар үр дүнд хүрнэ гэж та бүхэн таамаглаж, зорьж байгаа вэ?

-Халдвартай хүнтэй ойр байсан, дам харилцагчдыг илрүүлэх, тархалтыг бууруулахад төрийн байгууллага, ард иргэд хамтран тэмцэж байна. Ингэсний хүчинд манай улсад тархалт "хямгатай" байгаа. Халдвартай хүнийхээ ойрын харилцагчдыг хөөж олоод дахиж илрүүлээд явж байна. Хөл хорио сунгасан энэ 10 хоногтоо халдвар авсан хүмүүсийн ойрын харилцагчдыг хөөцөлдөн илрүүлэх, дахин давтан шинжилгээ хийх, шинэ хавьтал гарахаас болгоомжилж байна. 14 хоногийн нууц үеийн хугацааны дараа хяналтын 14 хоногт давтан шинжилгээ хийх, шинэ харилцагч гарч ирэх эрсдэлээс болгоомжилж байна. Энэ 10 хоногт халдварын нөхцөл байдал халдвар бүртгэгдсэн аймаг, орон нутагт ямар байхаас хамаарч дараагийн асуудлыг шийднэ.

Цаг үе, халдварын нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авах, дэлхий дахинд цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа стратеги тактикийг Монголын хөрсөнд тохируулан буулгасан, цар тахлын бэлэн байдлын хариу арга хэмжээний төлөвлөлтийнхөө дагуу ажлаа зохион байгуулж байна.

-Эмнэлгийн хог хаягдлыг хэрхэн устгаж буй талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эмнэлгээс гарч байгаа халдвартай хог хаягдлыг ариутгах, устгах тушаал шийдвэр бий. “Элемент” компанитай гэрээтэй ажилладаг учир хог хаягдлыг өөр компанид хариуцуулдаггүй. Гэрээний дагуу халдваргүйтгэл хийж устгалд оруулдаг.

-Өнөөдрийн байдлаар хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байна вэ, цаашид ийм шинжилгээг  бүх аймгийн төвд хийх боломжтой юу?

-Аймгуудад PCR шинжилгээ хийх боломжтой. Одоогоор, халдварын голомт огт бүртгэгдээгүй болон кластер өвчлөлтэй гэсэн байдлаар аймгуудыг ангилж байна. Улаанбаатар хот болон халдвартай бүс нутгаас гарч байгаа иргэдэд PCR шинжилгээ хийж баталгаажуулаад, тухайн хүнийг эрүүл гэж үзвэл хот хооронд зорчих эрх олгож байна. Түргэн оношлуурыг орон нутагт ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэж байгаа.

Сэтгэгдэл бичих