Дахин 10 хүнд коронавирус илэрснээр батлагдсан тохиолдол 801 болов

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.12.01/ 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцож мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр 12 116 хүнд PCR шинжилгээ хийснээс коронавирусний 10 тохиолдол илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт 7, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус тус нэг  тохиолдол бүртгэгджээ. Харин Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн долоон тохиолдол өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 180 болж байна. Говьсүмбэр аймагт хийсэн нэг тохиолдлын давтан шинжилгээгээр коронавирус илэрч тус аймагт нийт дөрөв болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын дотоодын халдвар 358, нийт тохиолдол 801 болж байна. Үүнээс 358 хүн эдгэрээд буй юм.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 434 хүн эмчлүүлж байгаагаас  4 нь маш хүнд,  6 нь хүнд, 82 нь хүндэвтэр, 342 нь хөнгөн оноштой байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.1-ний байдлаар

Сэлэнгэд 180

Улаанбаатарт 84

Дархан-Уулд 44

Орхонд 22

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3, нийт батлагдсан тохиолдол 358 байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдээс 6 хүний бие маш хүнд байна. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ийнхүү мэдээлэхдээ, "Тэдний хувьд коронавируст өвчнөөс гадна, зүрх судасны болон даралт ихдэх зэрэг архаг суурь өвчтэй. Коронавирус нь хүний цусыг их өтгөрүүлдэг тул суурь өвчтэй хүмүүст хүндээр тусаж байна. Мөн чихрийн шижин өвчтэй, цус харвасан, саажилттай хүмүүс ч эмчлэгдэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх халдвар авсан хүмүүсээ харьцуулж үзэхэд, 30 хувь нь уушгинаас үүдсэн ямар нэгэн хатгаа тусах, уушгинд нь нэвчдэс үүсэх эмгэг илэрсэн. Сүүлд амьсгалын аппаратад орсон 3 өвчтөний уушгины нэвчдэс нь шимэгдээд сайжирч байна" гэв.

Дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдлын голомтыг бүрэн хянаж чадсан эсэх, хөдөө орон нутаг, нийслэл рүү зорчих иргэдийн шинжилгээний хариу саатаж буй асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нараас сэтгүүлчид тодрууллаа.

-Монгол Улсад коронавирусний халдварыг 11 дүгээр сарын 11-нд дотоодод алдсан. Анхны тохиолдол ямар ангиллаар бүртгэгдэж байгаа вэ, тархалтын голомтыг бүрэн хянаж чадсан уу?

А.Амбасэлмаа: Эхний голомтоос хойш нэг нууц үе өнгөрөөд, 2 дахь голомтын нууц үе үргэлжилж байгаа.  11 дүгээр сарын 10-наас хойш голомтын тандалт судалгаа эрчимтэй зохион байгуулж, анхны тохиолдлын ойрын хавьтлын 400 гаруй хүнийг илрүүлж, үүнтэй хамаатай гэр бүлийнхэн, үзвэр үзсэн, караоке орсон, нэг орцны болон найз нөхдийн 40 тохиолдол батлагдсан. Ойрын хавьтлын 400 гаруй хүнд 14 хоногийн хугацаанд 3 удаа шинжилгээ хийж 250 хүнийг тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Үндсэндээ үргэлжилж салбарласан 4 кластер байгаа. Эхний тохиолдол Д-гийн голомтын хавьтлыг үндсэндээ хязгаарлаж хумьсан. Төмөр зам, баар, орцны тохиолдлыг хяналтад авсан. Одоо бариа засал хийлгэсэн, хувийн эмнэлгийн үйлчилгээ авсан хүмүүсийн халдварыг илрүүлэх, гол хавьтлыг тодруулах, хавьтлын хавьтлыг тодруулж байгаа. Эхэлж гарсан тохиолдлын хавьтлууд, шалтгаануудыг тодруулаад бүрэн хяналтдаа авсан гэсэн үг.

-Хөдөө орон нутаг болон нийслэл рүү зорчих иргэдийг бүртгэж буй 119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариугаа авч чадахгүй байна гэсэн гомдол их ирлээ?

Д.Нямхүү: 119.mn сайтаар шинжилгээний хариу саатах шалтгаан нь шинжилгээ авч байгаа хүмүүс эхний сорьц дээр тэмдэглэгээ хийхдээ овог, нэр, нас, регистрийг гаргацтай бичээгүйтэй холбоотой. Шинжилгээний лабораториуд хэвийн ажиллаж байгаа. Шинжилгээнийхээ хариуг шивэх, программд оруулахад төвөг учирч байна. Гаргацгүй бичсэн, регистрийг буруу бичсэнээс тухайн хүн олдохгүй байгаагаас хариу удлаа. Засвар хийгээд, ажлаа сайжруулж байна. Мөн лабораторид олон мянгаар шинжилгээ ирж байгаа учир лабораторийн код бичиж дэс дараагаа тааруулдаг. Хариугаа хүний регистр, нэртэй тулгаж гаргахад цаг алдаж байна. Сорьц авч байгаа газраас регистр нь онлайнаар ирдэг, лаборатори дээр түүнийг давхар шивж оруулдаг. Энэ 2-ын хоорондох уялдааг сайжруулахаар IT мэргэжилтнүүд ажиллаж байна.

Д.Нарангэрэл: Өчигдөр 119 дугаарын утасны сервер унасан. Өнөөдөр хэвийн ажиллаж байна. Өдөрт 4000-5000 хүн холбогдож байгаа учраас ачаалал үүсэж байна. Утас болон техникийн асуудлыг “Интерактив” компани хариуцаж байгаа бөгөөд сервер байгаа газруудынхаа гэмтэл, зөрчлийг арилгаж байгаа.

-Монгол Улс цаашид ямар вакцин хэрэглэх талаар иргэд маш их асууж байна. Хямдхан, чанаргүй вакцин аваад хүн амын дунд эрсдэл үүсэх юм биш биз, ер нь вакцинд ямар шалгуур тавьж байгаа вэ?

Д.Нарангэрэл: Монгол Улс дархлаажуулалтын тухай хуультай. Ялангуяа 15 хүртэлх насны хүүхдэд хийдэг бүх вакцин НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ДЭМБ-аар баталгаажсан байдаг. Монгол Улс дэлхий дахинд хамгийн чанартай гэж үнэлэгдсэн, баталгаатай вакцин хэрэглэдэг. “Ковид-19”-ийн хувьд ч гэсэн хамгийн чанартай, сайныг нь авна. Хамгийн эхэнд ДЭМБ-ын зөвшөөрөл батламж авсан вакцин байх, мөн манай орны хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадавхад тохирсон байх шаардлага тавьж байгаа. Найдвартай, хамгийн сайн, дэлхий дахинд чанартай нь батлагдсаныг хэрэглэнэ гэсэн үг.

-Голомтод ажиллаж байгаа цагдаа нарын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?

А.Амбасэлмаа: Голомтод цагдаагаас гадна онцгой, тагнуул, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг цагийн хуваарьтай, ээлжээр ажиллуулж амраах, халдвар хамгааллын дэглэм сахиулах, биеийн эсэргүүцлийг сайжруулахад харьяа байгууллагууд нь анхаарч байна. Төрийн албан хаагчдад өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар дэглэм барих зэрэг чиглэл өгч, голомтод ажиллаж байгаа иргэддээ төр анхаарал, халамж тавьж байгаа.

-Коронавирусээр халдварласан нь батлагдсан тохиолдлын амьдардаг орон сууцанд эмнэлгийн түргэн тусламж очихгүй байна гэсэн мэдээлэл байна, үнэн үү?

Д.Нарангэрэл: Тийм зүйл байхгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.

 

Сэтгэгдэл бичих