Коронавируст халдварын тоо 7-гоор нэмэгдэж 791 болжээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 29-нд нийт 10 308 хүнд шинжилгээ хийснээс 7 хүнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгджээ. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатарт батлагдсан хоёр тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатарт хотод коронавирусний батлагдсан тохиолдол 77 болж байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн таван тохиолдол ойрын хавьтлаас илэрсэн" гэдгийг тодотгов.

Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол 21, Сонгинохайрхан  10, Баянзүрх 25, Хан-Уул 7, Сүхбаатар 12, Багануур нэг, Чингэлтэй дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ.

 

Ингэснээр манай улсад коронавирусний дотоодын халдвар 348, нийт 791 болж байна. Үүнээс 354 хүн эдгэрээд буй юм. Ажиглалтад 31, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол  22 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 428 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 6 хүн маш хүнд, 4 нь хүнд, 76 нь хүндэвтэр, 342 нь хөнгөн байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцууллаа.

Нийт батлагдсан тохиолдолд хуурай ханиалгах шинж тэмдэг 21 хувьд,  9-12 хувьд нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, 4-7 хувьд жихүүдэс хүрэх, амт, үнэр мэдрэхгүй болох,  1-2 хувьд  нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар, хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг илэрч байгаа аж.

Коронавирусээр 2-90 насныхан өвчилсөн бөгөөд дундаж нас 33.2 байна. 15 хүртэлх насны 75  хүүхэд эмчлүүлж байгаагаас 9 хүртэлх насны 30 хүүхэд байгаа аж. Нэг настай хоёр, 2 настай 3  хүүхэд, 70-аас дээш  насны 9 хүн, 80, 81 настай  3 хүн, 90 настай 1 хүн эмчлүүлж байна.

Тэрбээр энэ үеэр “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч нар  хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж,  маш хүнд хүнээ тогтвортой эмчилж байгаа”-г дурдсан юм.

Өнгөрсөн жилийн өдийд манай оронд тархсан томуугийн өвчлөлийн талаар хийсэн судалгаа болон Бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгаснаар тархалтыг бүрэн барих боломжтой эсэх тухайд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Халдвар тархах нууц үеийн хугацаа 21 хоног байсан бол, одоо тав хоног гэж байгаа нь ямар учиртай вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдварт өвчний нууц үеийн хугацаа гэдэг нь эрүүл хүн халдвартай хүнтэй уулзсанаас хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх эсвэл лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь илрэхийг хэлж байгаа юм. ДЭМБ нууц үеийн хугацааг 14 хоног гэж байгаа. Монгол Улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирснийг ард иргэддээ халдаахгүйн тулд тохиолдлын шинжилгээг 3 удаа авч, 21 хоног ажиглан тусгаарлаж байсан. Тухайн үед шинжилсэн иргэдийн 82 хувьд 24-48 цагт, 11 хувьд нь 48 цагаас хойш 14 хоногт илэрч байсан. Харин 2,9 хувь нь 15-аас дээш хоногт коронавирус илэрсэн. Иймд 2,9 хувийн эрсдэлийг тооцож 10 сарын турш 21 хоногийн тусгаарлалтыг хэрэгжүүлж ирсэн. Нууц үеийн хугацаа 21 байгаад өнөөдөр 14 хоног болсон гэж эндүүрч болохгүй.

Халдварын гинжин хэлхээгээр нууц үеийн хугацаа тогтоодог. Энэ нь 1-14 хоног байна. Халдвартай хүнтэй харьцсанаар дунджаар 5-6 хоногт эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Энэ хугацаа халдвар судлалын хувьд ач холбогдолтой болохоос ард иргэдийн дунд 14 хоног гэдэг дээд хязгаараар авч үздэг. Халдварын голомтын цар хүрээ тогтоох, хавьтлыг судлах, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөхөд ач холбогдолтой учир би 14 хоног гэж хэлсэн. Монгол Улсад халдвар орж ирсэн, эрсдэлийг тооцсон, нууц үеийн хугацаа тооцсон, 14 хоногт халдварын шинж тэмдэг илэрнэ гэж ойлгох хэрэгтэй. Ойрын хавьтлыг 14 хоног хатуу тусгаарлан ажиглаж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт ойрын хувьтлын 1100 хүн байна. Дотоодод халдварласан анхны тохиолдлын хавьтлуудыг 14 хоног тусгаарлан 200 гаруй хүнийг гэрийн ажиглалтад гаргасан.

-Улаанбаатар хотод гадуур явсан хүнээс халдвар илэрсэн гэсэн үнэн үү?

А.Амбасэлмаа: Нийслэлд гадуур явсан хүнээс халдвар илрээгүй. Хавьтал болсон хүнийг тусгаарлаад, шинээр халдварын тохиолдол илрэхэд ойрын хавьтлыг тогтоож байгаа учир халдварын тархалт "хямгатай" байна. Гэхдээ энэ өвчлөл нь халдвар авсан хүний хавьтал, хавьтлын хавьтал гээд өргөжиж явдаг учир хөл хориог сунгаж байгаа юм.

-Өнгөрсөн оны өдийд ханиад томуугийн өвчлөл ямар байсан судалгаа шинжилгээний талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Өнгөрсөн оны өдий Монгол Улсад томуугийн А хүрээний H3N2, В вирусний халдвар гарсан. Тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь эдгээр вирусний хавсарсан тохиолдол байсан. Судалгааг 100 гаруй хүнд хийхэд коронагаар өвчилсөн хүн байгаагүй. Дэлхийд коронавирусний өвчлөл гарч, хариу арга хэмжээ авснаар иргэд амны хаалт хэрэглэж, ханиад томуу буурсан.

-Бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгаснаар тархалтыг бүрэн барих боломжтой юу. Сэжигтэй болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хэчнээн сурагч байгаа вэ?

А.Амбасэлмаа: Сургуулийн сурагчдын дунд коронавирус одоогоор бүртгэгдээгүй. Сургуулийн багш өвдсөн байсан ч нууц үеийн хугацаагаар хөөхөд зай нь хол байсан. Гэхдээ хүүхдүүдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

ЭМЯ-ны Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Томуугийн харуулдан тандалтыг лабораторийн аргаар илрүүлэх, мөн тухайн орон нутагт байгаа уушгины өвчтэй, ханиад, хатгаа өвчтэй хүмүүсийг судалж хийдэг. Үүнийг насны бүлгээр тандаж гаргадаг. Өнгөрсөн жилд А хүрээний H 1,H3 N2 вирусний томуугийн өвчлөл байсан. Жил бүр томуу өвчнөөр 0-4, 0-9 насны хүүхдүүд голдуу өвчилдөг. Тухайн үед насны бүтцэд өөрчлөлт ороогүй учир улирлын томуу байсан гэж баталдаг. Коронавирус дэлхийд тархсантай холбоотой АШУИС болон бусад судлаач нар хамтран, харуулдан тандалтын судалгаа хийж байгаа. Энэ бүх зүйлээр коронавирус Монгол Улсад 11 дүгээр сараас эхэлж дотоодод гарсныг тархвар судлал, лабораторийн шинжилгээгээр баталж байна.

-Орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээг авах ажил өчигдөр муу зохион байгуулалттай байсан. Өнөөдөр яаж сайжруулж байна вэ?

Д.Нарангэрэл: Орон нутаг руу зорчих иргэдийг зохион байгуулах ажлын багт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ороод ажиллаж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаа жигдэрсэн. Өчигдөр дутагдалтай байсан нь нэг талаас иргэдийн өөрсдийн оролцоо, нөгөө талаас www.119.mn  сайтын бүртгэлд техникийн саатал гарсантай холбоотой байв. Өнөөдөр ажлын хэсэг бүх газраар явж ажлыг сайжруулж байна.

-ХӨСҮТ-д хүнд байгаа 2 хүний биеийн байдал сайжрах төлөв байна уу, Цэргийн төв эмнэлэгт 4 хүн хүнд байгаа гэсэн?

А. Амбасэлмаа: ХӨСҮТ-д маш хүнд 2 хүн, Цэргийн төв эмнэлэгт 4 хүн бий. Эдгээр хүмүүсийн биеийн байдал тогтворжиж байгаа.

Сэтгэгдэл бичих