“TikTok” богино хэмжээний дүрс бичлэг байршуулдаг нийгмийн сүлжээнд 100 сая дагагчтай болсон анхны хэрэглэгчээр 16 настай охин тодорсон байна. АНУ-ын Коннектикут муж улсын Норуолк хотын оршин суугч Чарли Д'Амелио “TikTok”-ийг хэрэглэж эхэлснээсээ хойш нэг жил, зургаан сарын дараа ийнхүү олон дагагчтай болжээ.
Ч.Д'Амелио “YouTube” цахим хуудсанд байршуулсан дүрс бичлэгийнхээ үеэр гаргасан зан авирынхаа улмаас олны шүүмжлэлд өртсөний дараа дээрх үйл явдал болжээ. Түүнийг гэр бүлийнхнийхээ амьдралыг харуулах цуврал бичлэгийнхээ эхний дугаарын үеэр оройн хоол бэлдэж өгсөн тогоочид хүндэтгэлгүй хандсан гэж шүтэн бишрэгчид нь шүүмжилсэн байна. Үүнтэй холбоотойгоор 600 мянган хүн түүнийг дагахаа больжээ.
Гэсэн хэдий ч Ч.Д'Амелио гаргасан үйлдэлдээ уучлал хүсэж, улам хичээнэ гэдгээ дүрс бичлэгээрээ дамжуулан хэлснээс хойш уг шүүмжлэл намжсан байна. Тэрбээр “TikTok”-т олон дагагчтай болсон талаараа “Twitter” хуудсандаа, “Намайг 100 сая хүн дэмжиж байгаад итгэж ч чадахгүй байна” хэмээн нийтлээд, дагагчдадаа талархал илэрхийлжээ. Ч.Д'Амелио бусдын л нэгэн адилаар “TikTok” хаяг нээж, унтлагын өрөөндөө бүжиглэж буй дүрс бичлэгээ байршуулдаг байжээ.
“TikTok” болон бусад платформ дахь түүний нэр хүнд өнгөрсөн оноос огцом өссөн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард “TikTok”-ийн 50 сая дагагчтай анхны хэрэглэгч болжээ. Мөн тэрбээр гоо сайхан, хувцас загварын томоохон брэндүүдтэй хамтран ажилласнаас гадна “Dunkin' Donuts” сүлжээнд өөрийн нэрийн ундаатай болсон байна. Өдгөө 16 настай түүний бичсэн анхны ном энэ оны сүүлээр худалдаанд гарах ажээ. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Ч.Д'Амелио өнгөрсөн онд хэд хэдэн гэрээ байгуулснаар дөрвөн сая ам.долларын орлого олжээ.