Тавдугаар үеийн харилцаа холбооны технологийг дэлхийд анхлан нэвтрүүлсэн Өмнөд Солонгос улсын иргэдийн дунд сүүлийн үед 5G үйлчилгээнээс татгалзаж, буцаад LTE сүлжээ рүү шилжих явдал нэмэгджээ.
“Сүүлийн байдлаар 562,656 хэрэглэгч 5G-ээс LTE сүлжээ рүү буцаж шилжээд байна” гэж эрх баригч Ардчилсан Намын хууль тогтоогч, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, харилцаа холбооны байнгын хорооны гишүүн Хон Жүн Мин саяхан болсон хурлын үеэр мэдээлсэн байна.
Энэ нь тус улсын SK Telecom, KT, LG Plus гурван операторын нийт 5G хэрэглэгчийн 6.5 орчим хувь юм. Өмнөд Солонгос улс 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 5G технологийг нэвтрүүлсэн нь дэлхийд анхны тохиолдол болж байв.
“Үйлчилгээний ангиллаа бууруулах нь төвөг чирэгдэл ихтэй үйлдэл боловч олон хэрэглэгч чанар муутай, хамрах хүрээ бага, өндөр үнэтэй 5G үйлчилгээнээс татгалзсаар байна. Харилцаа холбооны компаниуд чанараа сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид таарсан үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна” гэж Хон Жүн Мин хэлжээ.
5G сүлжээний хурд амласан хэмжээндээ хүрдэггүй, Сөүл зэрэг хэдхэн том хотод хамрах хүрээтэй, гар утасны батарейг түргэн дуусгадаг зэрэг шалтгаануудын улмаас хэрэглэгчид буцаад LTE сүлжээ рүү шилжих болсон байна.
Анх Өмнөд Солонгосын засгийн газар 5G сүлжээний хурдыг LTE-ээс 20 дахин өндөр гэж сурталчилж байсан бол өнөөдөр дөрөв дахин орчим хурдан байгааг олон хэрэглэгч гомдолложээ.
Энэ оны эхний найман сарын байдлаар Солонгосын Харилцаа Холбооны Зохицуулах Байгууллагад хэрэглэгчдээс 82 гомдол ирсэн байна. Өнгөрсөн онд ердөө таван ийм гомдол ирж байжээ.
SK Telecom компанийн төлөөлөгч энэ талаар “Одоогийн нөхцөл байдал LTE үйлчилгээ анх эхэлж байх үеийнхтэй адилхан байна. Шинэ үеийн технологи үндэсний хэмжээнд хамрах хүрээтэй болох хүртэл эхний 2-3 жилд ийм хүндрэл тохиолддог. Бид хэрэглэгчдэдээ үйлчилгээний эхэн үед ийм хүндрэл бэрхшээлүүд тохиолдохыг байнга сануулж байгаа” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Nikkei