Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ дунд сургуулийн төлбөрийг “Монголросцветмет” нэгдлийн санхүүгээр төлүүлсэн талаараа тайлбар өглөө.
Мэдээллийн эхэнд "Бодвол манай ажил үйлсийг сонирхож биш шар мэдээлэл сонирхож яваа байлгүй. би тайлбар хийчихье" гээд мэдээллээ эхлүүлэв.
Тэрбээр “Монголросцветмет ТӨҮГ бол ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага юм. Та бүхний сонирхож байгаа журам бол 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн зүйл. Компани ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олгодог.
Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон. “Монголросцветмет” ТӨҮГ-ийн дотоод журам болон миний хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой заасан. Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр гаргаж ирсэн тэр баримт бол 2019 онд тавигдсан байсан мэдээлэл. Хэвлэл үүнийг ил гаргаж байгаа нь зөв юм. Монголросцветмэт нэгдэл 2019 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашигтай ажилласан тохиолдолд гүйцэтгэх удирдлагууд нь хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал олгоно гэсэн гэрээний заалт байсан” гэв.