Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт ажилласан. Энэ үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэхэд чиглэсэн дагнасан нэгжүүдийг байгуулахад зориулсан хөрөнгийг шийдвэрлээд байгаа гэдгийг хэлээд энэ нь тулгамдсан асуудал, эмзэг сэдэв учраас Та бүхэн анхаарлаа хандуулж ажиллаарай хэмээн үүрэг өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх :
“Эрхэм хүндэт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид аа!
Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.
Юуны өмнө миний бие өнөөдөр Ардын хувьсгалтай нас чацуу цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаадаа баяртай байна.
Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ ялангуяа дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ маш сайн гүйцэтгэж байна.
Сүүлийн үед иргэд төрийн алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, бие, эрх чөлөөнд нь халдах, хэл амаар доромжлох явдал гарч байна. Иймд алба хаагчид та бүхэн хуулийн хүрээнд ажиллаж, хариуцсан ажил, албандаа эзэн нь байж, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг судалж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай.
Төр засгийн зүгээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг улам сайжруулах чиглэлээр анхаарал хандуулсаар байх болно” гэж хэллээ.
Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдлага, алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн эрх ашиг ихээр хохирч, амь насаа алдаж байгаа тул төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой үр дүнтэй ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан тэдний эрх ашиг, нэр төр хөндөгдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, өмгөөлөх, хууль ёсны үйлдлийг иргэдэд тайлбарлан ойлгуулж, буруутай иргэнд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх ажлыг сайжруулах үүрэг, ажлын чиглэл өглөө.
Уулзалтын дараа Мөрдөн байцаах албаны байранд зочилж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй техник, тусгай хэрэгсэл, хар тамхитай тэмцэх нэгжтэй танилцсан юм.
"Гэр бүлийн хэрүүл шуугианыг хөндлөнгөөс хянах гэхээсээ илүүтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын ажлыг хийнэ"
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бид өнөөдөр нас биед хүрсэн хүмүүсийн гэр бүлийн хэрүүл шуугианыг хөндлөнгөөс хянах гэхээсээ илүүтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ахлах ангийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийг оруулахаар ЕБС-ийн хөтөлбөрөө бэлэн болгоод байна. Сая Засгийн газраас хүүхдийн байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ирэх жилээс хүүхдийн бацаагч нар ахлах ангиудад хичээл орно.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр түвшинд гаргахыг зорьж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг дэргэдээ төвлөрүүлж, тэр мөнгөөр нэгнийгээ шагнаж урамшуулдаг, гадаад дотоод томилолтод зарцуулдаг жишиг байгааг өөрчилнө. Энэ мөнгөөр гудамжаар эргүүл хийж байгаа хамтарсан багийн гишүүдийг урамшуулъя гэж байгаа" хэмээн ярилаа.