Н.УРГАМАЛСУВД: ИРЭХ ОНД УУЛ УУРХАЙН САЛБАР ОГЦОМ ӨССӨНӨӨР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ТЭТГЭХЭЭР БАЙНА

оруулсан Алсын Хараа

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Есдүгээр сарын сүүлийн байдлаар инфляц 1.7 хувьтай байна. Монголбанкны зорилтот түвшин 8 хувь байгаа. Цар тахлаас хойш инфляц 2 хувийн орчимд л байна. Үүний голлох шалтгаан юу вэ? 

Инфляц энэ онд тасралтгүй буурч байгаагийн гол шалтгаан нь дотоод эрэлт буурч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон төрлийн хориг арга хэмжээ авч, бизнесийн үйл ажиллагаа хумигдсанаар дотоод эрэлт буурч, улмаар эдийн засаг маань эхний хагас жилд 9.7 хувиар агшлаа. Үүний зэрэгцээ өнгөрсөн онуудад инфляцыг нэлээд нэмэгдүүлж байсан нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлсийн нөлөөлөл буурсан. Тухайлбал, махны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 500-1000 гаруй төгрөгөөр буурсан байна. Түүнчлэн шатахууны үнэ буурсан нь үүнд нөлөөлж байна.

Ер нь бусад бүтээгдэхүүн дээр хэр их нөлөө мэдрэгдэж байгаа вэ. Ялангуяа оны эхний саруудад хил хаасан нь импортын бүтээгдэхүүний үнэд хэр нөлөөлсөн бол?

Экспортын хувьд нэлээд хязгаарлалтад орсон. Харин импорт төдийлөн хязгаарлагдаагүй. Энэ оны нэг, хоёрдугаар сард Хятадад Ковид-19 цар тахлын тархалт идэвхжих үед Хятадын үйлдвэрлэгч, нийлүүлэгч талдаа үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд хязгаарлагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн саруудад манай улсын импорт тодорхой хэмжээнд буурсан боловч түүнээс хойш гурав, дөрөвдүгээр сар гэхэд импорт хэвийн түвшинд хүрсэн.

Төв банкны бодлогын хувьд ирэх оноос инфляцын зорилтот түвшинг 6-аас нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтайгаар тодорхойлж байна. Инфляцыг ингэж интервалтай зорилт руу шилжүүлэхийн гол ач холбогдол юу вэ?

Монголбанк инфляцийн  цэгэн зорилтоо интервал болгоход дараах хоёр хүчин зүйлс нөлөөлсөн гэж хэлж болох юм. Нэгдүгээрт, манай улсын эдийн засгийн бүтцийн онцлогоос хамаараад инфляцын дийлэнх хувийг нийлүүлэлтийн шинжтэй, нэг удаагийн хүчин зүйл тайлбарлаж байгаа. Инфляцийг гол бүрэлдэхүүнээр задлаад харвал өнгөрсөн гурван жилд мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өөрчлөлт нийт инфляцын 40 хувийг тайлбарлаж байсан. Тэгэхээр инфляцийн 40 хувьд мөнгөний бодлогоор нөлөөлөх боломж маш хязгаарлагдмал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого нь эдийн засагт нийт эрэлтийг өөрчлөх замаар инфляцид нөлөөлдөг. Тэгэхээр нийлүүлэлтийн шинжтэй, нэг удаагийн хүчин зүйлд мөнгөний бодлогоор нөлөөлөх боломж бараг байхгүй. Нөгөө талаас мөн эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, төрөлжөөгүй байгаа учраас хэлбэлзэл маш өндөр байна. Энэхүү хэлбэлзэл нь ханшаар дамжаад инфляцад нөлөөлдөг. Тэгэхээр гадаад хүчин зүйлс, ханш болон гадаад инфляц нь дотоод инфляцийн багагүй хэсгийг тайлбарладаг. Үүнийг мөнгөний бодлогоор тогтворжуулах боломжгүй. Ингээд үзэхээр инфляцын дийлэнх хэсэгт нь  мөнгөний бодлогоор нөлөөлөх боломж хомс болж байгаа юм. Хоёр дахь шалтгаан нь эдийн засгийн өсөлтийг тодорхой түвшинд мөнгөний бодлогоор дэмжихийн тулд мөнгөний бодлогод орон зай хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өнөөгийн бүтцээс хамааран эдийн засгийн өсөлт, уналтын давтамж богино, далайц өндөр байгаа нь цэгэн зорилттой үед мөнгөний бодлогын тэлэх орон зайг хумьдаг. Одоогийн инфляцийн цэгэн зорилт нь инфляци 8 хувиас багахан өндөр эсхүл нам болоохд Төв банк шалтгааныг тайлбарлах шаардлага үүсч, бодлогын орон зайг автоматаар хумих нэг нөхцөл болдог гэсэн үг. Харин интервал зорилттой болсноор Төв банкны хувьд эдийн засгийн өсөлт, эдийн засгийн бүтэцтэйгээ нийцтэй, илүү уян хатан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ онд эдийн засаг унах нь тодорхой болсон. Харин ирэх онд Монголбанк 8-9 хувиар өснө гэж тооцоолсон байна. Олон улсын байгууллагуудын хувьд 4-6 хувиар өснө гэж үзэж байна. Тэгэхээр Монголбанкны тооцооллоор эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа шалтгаан юу вэ?

Ирэх онд уул уурхайн салбар 2019 оноос давж өсөх хүлээлттэй байна. Үүнд  манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөлт, нүүрсний тээвэрлэлт хэвийн түвшинд очих болон зэсийн агууламж сайжирах нь нөлөөлнө. Ирэх онд ялангуяа алт, зэсийн үнэ өндөр байхаар байна. Мөн нүүрсний тээврийн хязгаарлалтууд зогсч, нүүрсний тээврийн хэмжээ өмнөх 2019 оны түвшиндөө хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гуравдугаарт, уул уурхайн салбарыг огцом өсгөх дараагийн нэг хүчин зүйл нь Оюутолгойн засийн баяжмал дахь алтны агууламжийн сайжралт юм. Энэ нь нилээд том нөлөөтэй. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт огцом нэмэгдэнэ гэж харж байна. Нөгөө талаас уул уурхайн бус салбарын хувьд гадаад эрэлт сайжирч, бизнесийн үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрснээр өсөлт нь тогтворжино гэж харж байгаа. Ингээд нийлбэрээрээ 8-9 хувийн өсөлттэй гарна. Хамгийн гол нь уул уурхайн салбар огцом өсөхөөр байна. Мэдээж төсөөллийн тодорхой бус байдал маш өндөр байгаа. Ковид-19 вирусыг эмчлэх эмчилгээ одоогоор гараагүй хэвээр, мөн вакцины туршилт дуусаагүй байна. Зарим судлаачдын үзэж байгаа шиг вакцины туршилт 2021 оны эхний хагас хүртэл үргэлжлэх, вирусын дараа давалгаа энэ өвөл гарах эрсдэл өндөр байна.  Энэ тохиолдолд бидний төсөөллийн тодорхой бус байдал нэмэгдэнэ.

Ковид 19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, өсөлтөд хүргэхэд Засгийн газар болон Төв банк голлон юунд анхаарч ажиллах шаардлагатай байна вэ? 

Ковид-10-той холбоотойгоор мөнгөний болон төсвийн бодлого нэлээд тэлсэн. Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсэн.  Үүний нөлөөгөөр төсөв талдаа алдагдал нэлээд өсч, өр нь нэмэгдсэн. Тэгэхээр ирэх онуудад эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлэхгүйн тулд төсвийн чанд хатуу, сахилга баттай бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. УИХ-аас батлагдсан төсвийн дунд хүрээний мэдэгдлийн дагуу ирэх оноос төсвийн алдагдлыг тогтвортой түвшин хүртэл бууруулах бодлогыг хэрэгжүүлэхээр байгаа. Энэ нь төсөв талаасаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад чухал нөлөөтэй. Мөнгөний бодлогын хувьд УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлд тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуйн нэгжүүдэд үүссэн санхүүгийн дарамтыг түр хугацаанд хойшлуулсан байгаа. Хэрэглээний зээлийг хойшлуулсан, аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийг ангилал шилжүүлэхгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нь олгосон. Эдгээр бодлогын арга хэмжээнүүдийн хугацаа энэ онд дуусна. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд дууссаны дараа банкны салбарт ямар нөлөө үзүүлсэн, холбогдох нөлөөллийн шинжилгээнүүдийг хийж үзсэний үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээг авна. Мөн шаардлагатай гэж үзвэл банкны секторт эрсдэлээс сэргийлэх болон эрсдэлийг бууруулах чиглэлийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүний үндсэн дээр банкны салбарын зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Ярилцсанд баярлалаа.  

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ

Сэтгэгдэл бичих