НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явууллаа.
Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.
Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ.
Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм.
НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр "2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ" гэв.
"Хариуцлага алдсан нэг ч хүнтэй эвлэрэхгүй"
Хуулиараа хуралдааныг НИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч болох Р.Дагва даргалж байна. Тэрбээр "НИТХ-ын 8 дахь удаагийн хурлын 45 төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийн ирц 100 хувь байна. Эхний ээлжинд төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
НИТХ-ын төлөөлөгчдийн 17.8 хувь нь эмэгтэй. 13 төлөөлөгч НИТХ-д анх удаа сонгогдсон бөгөөд хамгийн залуу нь 33 настай бол ахмад нь 54 настай төлөөлөгч байна.
Өнөөдрийн хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм. Энэ дагуу НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа. Яг одоо Д.Сумъяабазар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулж байна.