Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ.
Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол, Америкийн худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд Америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монголын тал ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй гаргах Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлахыг хүлээж буйг дурдаад, хоёр орны агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлэв.
Энэхүү уулзалтад Сангийн яам, ХЗДХЯ, Монгол Банк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, танилцуулга хийнэ.