Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон.
Уг хэрэгтэй холбогдуулан Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох тус хэргийн гэм бурууг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9 өдөр үргэлжилж өчигдөр орой шийдвэрээ гаргасан байна.
Шүүхээс Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарласан бол хоёр шүүгдэгчид 12 жилийн хорих ял, бусдад нь 9 жилийн хорих ял оноосон байна. Гэхдээ шүүгдэгч Лью Тин Хуагийн цагдан хориог үргэлжлүүлэх аж.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 110 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө болон гадаад улсын валют, 9 ширхэг тээврийн хэрэгслээс шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай
2020.10.21
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд бусдыг элсүүлэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа, Жун Хуа, Еэ Тин нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /Залилах/ заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан БНХАУ-ын иргэн Жан Хун Чан, Вула, Ли Жиa Сэнг, Ниу Жи Хэнг, Ю Жи, Жау Донг Линг, Пан Жин, Лю Жун Вэй, Ян Гуй, Бай Жун Лиан, Ли Янг, Лю Чианг нарын 15 хүнд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт товлон зарлагдсан Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 9 өдөр үргэлжилж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
Шүүгдэгч Лью Тин Хуагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд мөрдөн байцаалт явуулахаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан прокурорт буцааж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Жун Хуа, Еэ Тин нарыг цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, мөн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож; шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар;
Шүүгдэгч Лю Жун Вэй, Вула, Ли Жиа Сэнг, Жан Хун Чанг, Ян Гуй, Бай Жун Лианг, Ли Янг, Лью Чианг, Ниү Жи Хэнг, Ю Жи, Жао Донг Линг, Пан жин нарыг мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, мөн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож; шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Жун Хуа, Еэ Тин нараас гэм хорын хохиролд тус бүр 889.213.334 төгрөгийг гаргуулан хохирогч Тайланд улсын “Стар Петролиум Рапайнинг Паблик Компани Лимитэд”-д олгох,
Иргэний нэхэмжлэгч “Скайтел”, “Скай Медиа”, “Жи Мобайл” компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж;
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 110 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө болон гадаад улсын валют, 9 ширхэг тээврийн хэрэгслээс шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар