Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Нийслэлийн Ардчилсан намын байранд гишүүний үнэмлэхээ гардсан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны гишүүн байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хуулийн дагуу намын гишүүнчлэлээ түдгэлзүүлээд байсан юм.
Ц.Элбэгдорж АН-ын гишүүний үнэмлэхээ гардсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та намын шинэчлэлд хэрхэн оролцох вэ?
-Ардчилсан нам хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байна.
-Таныг Ерөнхийлөгчийг сонгуульд оролцоно гэж ойлгож болох уу?
-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал.
-Одоо байгаа намын удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ. АН-ыг яаж сэргээх вэ?
-Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна.
-Та Ерөнхийлөгч Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би бас дэвшинэ гэж мэдэгдэж байсан?
-Би Монгол Улсад тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын болон улс орны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна.
-Таны холбогдсон хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Тэр асуудал үргэлжилж байгаа.
-АН-ын гишүүд таныг намыг унагаасан хүмүүсийн нэг гэж үздэг. Буцаад энэ намын гишүүн болж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
-Тэр бол хүмүүсийн үзэл бодлын асуудал. Би үүнд хүндэтгэлтэй ханддаг. Шүүмжлэл байх тусам идэвхтэй, шуурхай ажиллах ёстой гэж бодож байна.