Нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ.
Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах зөвлөлөөс гаргасан Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээр тодруулах саналыг хэлэлцэх юм. Дээрх саналд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тэрээр Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. Намын дарга нь Засаг дарга эсхүл Ерөнхий сайд болох намынхаа дүрмийн зарчмыг баримталж дээрх шийдвэрийг гаргасан байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын тухай хуульд зааснаар, УИХ-ын гишүүн нь хуульд зааснаас бусад төрлийн албан тушаалыг хавсран гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болбол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах болно. Ингэснээр түүний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос УИХ-д төлөөлөх нэг мандатад нөхөн сонгууль явуулах шаардлагатай болох юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт одоогоор МАН-аас нэр дэвшигч Д.Сумьяабазар, П.Анужин, Н.Учрал нар УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийг төлөөлж байна.
Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Манай намын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу Ерөнхий сайд болдог зарчим бий. Гэхдээ олны итгэл авсан парламентын гишүүн хүн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшвэл яах вэ гэдэг асуудал байна. Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна.
Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө.
Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана.
УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв.