Нийслэлд МАН засаглахаар болсонтой холбоотойгоор Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр (2020.10.21) хуралдахаар товложээ. Тус хуралдаанаар хотын даргад нэр дэвшүүлэх болон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарт дэвшүүлэх хүнээ сонгох юм. Улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор дараагийн хотын дарга хэн болох, ирэх дөрвөн жил нийслэлийг хэн удирдах вэ гэдэг асуудал анхаарал татаж буй.
Мэдээж, хотын дарга болох сонирхолтой, өөрийгөө хотын даргад дэвшүүлэгчид олон бий. МАН одоо хэнийг хотын даргаар тавихаас олон зүйл хамаарна. Улсын хүн амын олонх амьдарч байгаа нийслэлийг ирэх жилүүдэд хэн удирдаж, хэрхэн авч явахаас Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ч тодорхойлогдоно. Тиймээс хотын дарга, удирдлагад ямар хүн сонгох нь чухал болоод буй.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдахтай зэрэгцэн НИТХ-ын тэргүүлэгчид мөн өнөөдөр хуралдана. Уг хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох хуралдааны товыг батлах төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногтоо НИТХ-ын дарга, хотын даргаа томилно гэж МАН тооцоолж буй.
Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар ч гэсэн хотын дарга болох бүрэн боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болох сонголт хийнэ гэдэг Д.Сумъяабазарын хувьд том сонголт. Мэдээж ийм сонголт байж болно, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган нөхөн сонгууль хийнэ гэх яриа байгаа ч эх сурвалжууд үгүйсгэж байгаа юм.