Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Хангарди" ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарлажээ. Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43,423,400,000 төгрөг бөгөөд дэнчин болгож 10 буюу 4,342,340,000 төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах юм байна.
Хангарди ордны барилгын эзэмших эрх буюу нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу барилгын суурийн 589 ам метр талбайтай газрын эзэмших эрхийг нийслэлийн ЗДТГ-т олгосон байна.
Дуудлага худалдаа 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт нийслэлийн захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд болохоор товложээ.
Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн цасад, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар юм. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай.
Одоогоор тус барилгад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй.