Охидын "Wasabies" хамтлаг Монголын Дауны холбооны элч дуучнаар шалгараад байгаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд тус хамтлагийнхан Nepko kids, Дауны холбоотой хамтран хүүхдүүдэд зориулсан дөрвөн цуврал зурагт ном бүтээжээ.
Энэ талаар тус хамтлагийн гишүүний нэг Д.Буяндулам хэлэхдээ, "Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн бидэнтэй адил нийгмийн төлөөлөл болсон хүмүүс гэдгийг олон нийтэд эергээр харуулахыг хүссэн. Тийм ч учраас бид хүүхдүүдэд урам зориг өгөхийн тулд номоо хамтлагийн гишүүн бүр өөрсдийн түүхээр баяжуулсан" гэв.
"Боловсрол" суваг телевизээс зохиосон “Оддын академи” шоунаас төрсөн тус хамтлаг саяхан хоёр дахь цомгоо дуусгаж, сонсогчдод шат дараатай хүргэхээр ажиллаж буйгаа дуулгалаа. 2019 онд тус хамтлаг анхны “Girls generation” буюу “Охидын эрин үе” цомгоо гаргаж байсан юм.
Энэ талаар хамтлагийн ахлагч Д.Энхгэрэл хэлэхдээ, "Цаг хугацааны машин” буюу “Time Machine” хоёр дахь цомог 6 дуунаас бүрдэж, үүнээс 2 дуугаа дүрсжүүлэн үзэгчдэд хүргээд байна. ОХУ, АНУ-ын олон улсын технологийн багтай дүрсжүүлэхээр ажиллаж байна. Нэлээн хөдөлмөр шаардсан том төслийн ард бид гарч байгаа. Удахгүй гурав дахь дуу болон цомгийн нээлтээрээ уулзах болно" гэдгийг хэлэв. Хоёр дахь цомог дээрээ төвлөрч ажиллахын тулд охид сургуулиасаа нэг жил чөлөө аван 6 сар хамт амьдарч бэлтгэл хийжээ. Тус хамтлаг юүтүб сувагт 100 мянган дагагчтай болжээ.