“The Voice of Mongolia” шоуны 2018 оны шилдэг таван оролцогч "R&N” хамтлаг байгуулжээ.
Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр буюу Daniel Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Анх хамтлагаа энэ оны 4 дүгээр сарын 4-нд “City” нэртэй үүсгэн байгуулж, 6 дугаар сараас продюсер Б.Наранзунтай хамтран ажиллах болсноор "Raisins and nuts” нэртэй болсон” хэмээв.
Хамтлагийн продюсер Б.Наранзун, "Хүн бүр өөр өөрийн онцлогтой, зарим нь чихэрлэг амттанд дуртай бол зарим нь давстай самарт дуртай байдаг. Тиймээс “Raisins and nuts” буюу “Үзэм ба самарнууд” гэж нэрлэж “R&N” хэмээн товчилсон" гэлээ.
Мөн тэрбээр, “Хамтлагийн залуусыг сонгохын тулд маш өндөр шалгуур тавьдаг. Хамтлагийн хүүхдүүд бүгдээрээ өвөрмөц хоолойтой. Тэгэхээр Монгол Улсад зохион байгуулж байгаа олон улсын шоуны ач тус харагдаж байна. Эдгээр шоунаас уран бүтээлчид шигшигдэж, тийм залуус яг уран бүтээлийн замналаар явж буй жишиг тогтож байна” гэдгийг онцлов.
Тус хамтлагийнхан “So Long” буюу “Баяртай” хэмээх анхны дуугаа хоёр хоногийн өмнө юүтүб сувагт байршуулжээ. Уг дуунд хайртай бүсгүйдээ хаягдаж сэтгэлээр унасан залуу өнгөрсөн дурсамжаа санагалзаж буй тухай өгүүлдэг байна.