“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг маргааш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулна.
Энэ удаагийн өдөрлөг Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Баянхошуу”, 6 буудлын “Оргил” салбар, 3, 4 дүгээр хорооллын эцсийн Соло молл худалдааны төв болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 10:00-17:00 цагийн хооронд болох юм.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, туслалцаа авах боломжтой гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.