Өмнөговь аймагт салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул Даланзадгадад ѳнѳѳдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Үдээс хойшийн ээлжүүд хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгөх шийдвэр гарган ажиллаж байгаа аж.
Мөн тус аймагт гэрэл цахилгаан тасраад байна. "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн мэдээлж байгаагаар "220кВ Чойр-Мандалговь чиглэлийн 225-р цахилгаан дамжуулах агаарын шугам үндсэн хамгаалалтаар 2020 оны 10 сарын 20 өдрийн 12 цаг 17 минутад хүчдэл тасарсан ба "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК Говийн бүсийн салбарын шуурхай засварын бригад шугамын үзлэгт гарч байна" гэлээ. Мөн Ханбогд сумын 10кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд гүйдэл ихсэлтийн хамгаалалтаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:52 цагт хүчдэл тасарсан. Үүний улмаас сумын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хязгаарласан тул засварын бригад гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа аж. Дээрх гэмтэл нь хүчтэй салхи шуурганы улмаас гарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга Б.Мөнхбаатар хэлэхдээ "Манайд малчин малтайгаа алга болсон гэсэн гурван дуудлага ирсэн. Сум орон нутагтай хамтран эрэн хайх ажил явуулж алга болсон иргэдээ эсэн мэнд олоод байна. Сумдаас хоёр цаг тутамд мэдээлэл аван ажиллаж байна" гэлээ. Мөн иргэдэд хол явахгүй байхыг анхаарууллаа.