Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, орон нутагт зургаан хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байна.
Амиа алдсан хоёр хүүхдийн хэргийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, Төв аймгийн Лүн сумын нутагт “Nissan Tiida” маркийн автомашин “Kia Frontier” маркийн автомашинтай энэ сарын 17-ны 19.57 цагийн орчим мөргөлдөж, энэ машинд зорчиж явсан найман сартай хүүхэд амиа алджээ.
Мөн Өвөрхангай аймгийн Тарагт суманд “Hyundai Porter” маркийн автомашин “Toyota Prius” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас зорчиж явсан дөрвөн настай хүүхэд амиа алдсан байна.
Үүгээр зогсохгүй энэ амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг олон гарчээ. Нийт 91 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь илэрсэн байна.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Жаргалангийн автобусны буудал орчим энэ сарын 17-ны 18.45 цагийн үед “Toyota Prius” маркийн автомашины жолооч /Др:2.22%/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нэг эрэгтэй хүн болон гурван настай эмэгтэй хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтаажээ. Энэ жолоочийг Тээврийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.
Ташрамд дурдахад, явган зорчигч гарцаар гарах үед зам тавьж өгөөгүй 84 жолоочийг Монгол Улсын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.