Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчдын дэмжлэгээр Ахуйн үйлчилгээний төв нээлтээ хийлээ.
ОНХС-гийн хөрөнгөөр тус сумын хуучин Соёлын төвийг засварлаж, ийнхүү шинэ Ахуйн үйлчилгээний төвтэй болж байна. Энэхүү ахуйн үйлчилгээний төвд нутгийн иргэдийн гараар үйлдвэрлэсэн хэрчсэн гурил, бууз баншны цех, бялуу, нарийн боовны цех, үсчин гоо сайхан, оёдол засвар, эсгий болон суран эдлэл, гар урлал, цагаан идээний худалдаа үйлчилгээ явуулах аж.
Ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орсноор нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд нэг дороос авах боломжтой юм. Мөн суманд ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлжээ.
Уг ажлын зураг төсвийг “Сумаа шинэчилье” аяны хүрээнд тус сумын Баянбулаг багийн мянгат малчин Ц.Эрдэнэболдын гэр бүл, Дулаан багийн малчин Б.Буяндалай нарын гэр бүлийн хандивласан тус бүр нэг сая төгрөг нийт хоёр сая төгрөгөөр хийлгэсэн байна.