Киргизийн парламент Бишкект тогтоосон онц байдлыг цуцалжээ

оруулсан Алсын Хараа

Киргизийн парламентын депутатууд нийслэл Бишкек хотод онц байдал тогтоох тухай тус улсын огцорсон Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын шийдвэрийг цуцалжээ.

Парламентын гишүүд Бишкект тогтоосон онц байдлыг цуцлахыг санал нэгтэй дэмжсэн байна.

Жээнбеков өмнө нь аравдугаар сарын 9-нд онц байдал тогтоож, холбогдох зарлигт гарын үсэг зурсан юм. Гэвч депутатууд  хуульд заасны дагуу гурав хоногийн хугацаанд төрийн тэргүүний зарлигийг баталж чадаагүй байна. Үүнтэй холбогдуулан Жээнбеков дахин шийдвэр гаргахаас аргагүйд хүрч, 10 дугаар сарын 12-нд дахин онц байдал тогтоосон юм. Киргизийн хууль тогтоомжийн дагуу онц байдал нь парламент батлаагүй тохиолдолд гурван өдрийн турш хүчинтэй байдаг аж. Тэрбээр пүрэв гарагт Киргизийн Ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм.

Энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дараа сонгуульд ялагдсан намууд Бишкект олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээж, төрийн байгууллагуудыг булаан авч, Ерөнхийлөгч асан Алмаз Атамбаев болон Ерөнхий сайдаар томилогдож, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон Садыр Жапаров зэрэг хэд хэдэн улстөрчийг хорих ангиас сулласан юм. Улмаар Киргизийн нийслэл хотын төвд янз бүрийн сөрөг хүчнүүдийг дэмжигчдийн хооронд мөн мөргөлдөөн болсон байна.

Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов, парламентын дарга Дастанбек Жумабеков нар огцорч, тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг хүчингүйд тооцсон. Шинэ сонгуулийг явуулах өдрийг 11 дүгээр сарын 6-наас өмнө товлох ёстой байна. Мягмар, лхагва гаргуудад Киргизийн парламентын дарга болон Засгийн газрын шинэ тэргүүнийг сонгосон бол Жээнбеков огцорч буйгаа пүрэв гарагт мэдэгдсэн бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийг гурван сарын дотор явуулах ёстой байна. Киргизийн хуульд заасны дагуу төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч сонгуульд оролцох эрхгүй аж.

Сэтгэгдэл бичих