“Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, “Номадиа Пикчерс” ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улс, Австрали, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй зохион байгуулах тус наадам Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Энэхүү кино наадмын ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна.
Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг олгох зорилгоор тус кино наадмыг 2013 оноос олон улсын тодотголтой зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24 мянга гаруй үзэгчид толилуулжээ. Мөн нийт 1000 гаруй монгол уран бүтээлчийг кино форум болон сургалтад хамруулсан байна.
Энэ удаагийн кино наадамд 2019-2020 онд бүтээсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулах юм.
Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын ерөнхий газар, “Номадиа Пикчерс” ХХК-ийн “Монгол Кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.
Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон улсын кино наадмын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 19-25-нд дэлгэцнээ гарах бүх киног Тэнгис кино театрт үзэх боломжтой.