Москва хотын нэг сая орчим оршин суугч алсын зайн ажлын горимд шилжсэн тухай тус хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.
“Оршин суугчдын дунд амны хаалт зүүх журам сарын өмнөхтэй харьцуулахад өөрчлөгдсөн. 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй хүмүүс заавар зөвлөмжөө дагах нь ихэссэн. Үүнээс гадна хотын хөл хөдөлгөөн багассан. Бид эмнэлгүүдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах, эдийн засгийг зогсонги байдалд оруулахгүйгээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа” хэмээн тэрбээр мөн мэдэгдэв.
Москва хотод нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал долоо хоногийн дотор 39 хувиар буурчээ. ОХУ-д коронавирусний халдварын 1 354 163 тохиолдол бүртгэгдэж, 1 048 097 хүн эдгэрсэн бол 23 491 хүн нас барсан тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна.