Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Б өчигдөр орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тус сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн иргэн М-ийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ “Иргэн Б болон М-ийн хооронд ямар нэгэн зөрчил, маргаан байхгүй бөгөөд иргэн Б нь М-ийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Хамгийн гол асуудал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ийм хэрэг гарчээ. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал авах өдөр архи согтууруулах ундаа зарж борлуулсан, үйлчилсэн тохиолдолд иргэнийг 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий. Аймаг, орон нутгийн Засаг дарга захирамж гаргах ёстой” хэмээлээ.
Уг хэргийг сумын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Б-г яллагдагчаар татаж, цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа ажээ.