Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх талаар олон жил ярьсан. Малын хөлийн татварын тухай хуулийн төслийг УИХ ойрын хугацаанд хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна. Бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Сайд З.Мэндсайхан ХХААХҮ-ийн салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа хэлээд Засгийн газраас цар тахлын үед хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Суурин төлөөлөгчид мэдээлэл өгөв.
Бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх, мал сүргийг тооноос чанарт шилжүүлэх талаар салбарын яамнаас тодорхой бодлого барин ажиллахыг малчид дэмжиж байгааг З.Мэндсайхан сайд онцоллоо. Цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн нягт хамтрахаар тохиролцов.