Х.Баттулга: Сонгуульд оролцоогүй байж хариуцлага нэхэх нь зохимжгүй

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.

Тэрээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, "Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд сонгуульд саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал ач холбогдолтой юм. Учир нь тухайн орон нутагт байгаа иргэн, ажилчин, малчин нийгмийн харилцаанд орох ажил төрлийнхөө холбоосыг хариуцуулах дарга нараа сонгох учиртай. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар, нийт сонгогчдын ирц 35 хувьтай байгаа нь чамлалттай.

Тиймээс залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд санаачилгатай хандаж сонгуулийн санал хураах цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, нийгмийн харилцааг өөрчлөх алхам хийгээгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь зохимжгүй. Сүүлийн үед сургуулийн автобус 40 мянга эсвэл 130 мянган ам.доллароор худалдан авсан гэх маргаан олон нийтийн дунд байна. НИТХ нь цөөнх буюу олон намын тогтолцоотой, авч байгаа тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарахгүй юм. Сонгуулиар өөрчлөлт хийдэг ардчиллын алтан зарчим бий. Тиймээс өөрчлөлт хийхийн төлөө иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй" хэмээв.

Сэтгэгдэл бичих