Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож буй нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллийг оролцуулсан туршилтын сонгууль явууллаа. Сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөллийн санал болгосон сонгуулийн хэсгийн хороонд очиж, санал тоолох машинд саналын хуудас уншуулах туршилт хийсэн юм.
Энэ талаар СЕХ-ны хууль эрхзүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ: СЕХ-ны Мэдээллийн технологийн төв болон Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг 2,148 сонгуулийн хэсэг дээрх 2,615 санал тоолох төхөөрөмжийг нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулаад гэрчилгээ олгосон.
Энэ төхөөрөмжийг сонгуульд ашиглахад бэлэн болсон бөгөөд сонгуулийн бүх хэсэгт тараагдсан. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, тараагдсан байгаа.
Бэлэн болсон төхөөрөмжийг бэлэн болсон саналын хуудас дээр туршиж, СЕХ-ны төв серверт дамжуулах бодит туршилт хийж нийгэмд үүссэн эргэлзээг тайлах нь зөв гэж СЕХ-ноос үзлээ. Нийслэлийн есөн дүүргийн 453 хэсэг дээр 986 төхөөрөмж ажиллаж байгаа. Тэгэхэээр энд цугларсан нам эвслийн төлөөллүүд аль дүүргийн, аль төхөөрөмжийг сонгож энэ ажиллагааг хийхийг сонгоно. Тухайн сонгогдсон хэсэг дээр хамт очиж, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг туршина. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч, нам, эвслийн төлөөллөөр өөрсдөөр нь бодит саналын хуудас дээр тэмдэглэгээ хийлгээд, уншуулаад үр дүнг нь дамжуулна. Санал хураалтын үйл ажиллагаа явагддаг тэр түүгээр нь хийнэ. Буцаж СЕХ-нд ирээд тухайн хэсэг дээрх гарсан анхан шатны баримт нь төв серверт ирж байгаа баримттай тулж байна уу үгүй юу гэдгийг тулган шалгана хэмээн товч мэдээлэл өгсөн юм.
Үүний дараа Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян туршилтын санал хураалт явуулах хэсгийн хороогоор Сонгинохайрхан дүүргийн 21 хороог сонгосон юм. Түүний саналыг бусад намын төлөөллүүд дэмжив.
ТЕГ-ын технологийн хэлстийн ажилтан Х.Баясгалан: МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяны яриад байгаа шиг хар машинд флаш хийх ямар ч боломжгүй. Хар машинд байгаа флашны үүрийг бүгдийг нь лацалдсан. Хэрэв лац нь хөндөгдсөн байвал тэр төхөөрөмжид ямар нэгэн гадны нөлөө орсон гэж үзнэ. Төв сервер гадаадын оронд байгаа гэдэг худал. СЕХ-н дээр сервер байгаа. Энэ серверыг та бүхэн одоо ороод үзсэн ч болно.
"Саналын хуудас хэвлэсэн хоёр хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон"
Санал тоолох төхөөрөмж болон саналын хуудастай холбоотой асуултанд ТЕГ-ын технологийн хэлтсийн ажилтан Х.Баясгалан хариулт өглөө.
-Төв серверийг хакераас хамгаалах баталгаа байна уу?
-Байна. Баталгаатай. Дурын хүүхэд халддаг юм биш. Энэ чинь Монгол Улс. 100 хувь монгол инженерүүд 17 мянга гаруй нэр дэвшигчийн нэрсийг бүгдийг нь программчилсан.
Төв сервер рүү орох хязгаартай. Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байгаа. Тийшээ хоёр л хүн ордог. Тэр хоёр хүн нь нууцын баталгаа гаргачихсан. Энэ хоёр хүнээс өөр хэн ч тийшээ орох аргагүй.
Төхөөрөмжийг хакердах ямар ч боломжгүй. Боломжийг нь хаачихсан.
-Саналын хуудасны нууцлал хэр баталгаатай вэ?
-Саналын хуудсыг гадаадад хэвлэж байсан тохиолдол байхгүй. 2012 оноос энэ системийг ашиглаж эхэлсэн. Энэ үеэс монголын хэвлэх үйлдвэрүүд дээр саналын хуудас хэвлэж байгаа. Нууцлал нь хангагдана.
Хэвлэх процессын СЕХ зохион байгуулж, цагдаа, төрийн тусгай хамгаалалтын газрынхан хамгаалалт гаргаж, ТЕГ хяналт тавьдаг. Энэ удаагийн саналын хуудсыг хоёр хэвлэх үйлдвэрт хэвлэсэн.
Саналын хуудас хэвлэсэн үйлдвэрүүд яг одоогоор үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрийг лацдаад, хамгаалалт гаргаж, хяналт тавьж ажиллаж байна. Санал хураалт дуустал энэ процесс үргэлжилнэ.
"Сонгууль луйварддаг гэсэн хардлага хэвээр үлдлээ"
Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяны саналаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр тойрогт туршилтын санал хураалт явуулсан юм. Тус тойргийн 27-гийн 21.1 дэх сонгуулийн хэсэгт туршилтын санал хураалт явуулсны дараа Нийслэлийн МАХН-ны хорооны дарга Э.Эрдэнэжамъян дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хэвлэлийнхний нүдэн дээр бид ингэж луйвар хийж байсан юм гэж харуулахгүй нь ойлгомжтой шүү дээ. Бидний сэжиглэж эргэлзэж байгаа зүйл бол тодорхой тойрог дээр луйвар явагдаж байгааг шалгаач гэж байгаа юм. Хар машиныг хакердах боломжгүй гэж тайлбарлаад байгаа. Гэвч харахад тийм биш байна. Флаш, интернэтийн ямар ч оролтгүй гэсэн байж л байна. Бидний хардлага тайлагдсангүй.
Ямарч луйварчин цагдаа, хэвлэлийнхний нүдэн дээр алдаа гаргахгүй нь ойлгомжтой. Сонгууль луйвардана гэдэг хардлага хэвээр үлдлээ" гэв.