Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар коронавирустэй тэмцэхээр онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн 28 албан хаагчид орон сууцны батламж гардууллаа.
Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангахаар Засгийн газар, УОК шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Улсын онцгой комиссоос Нийслэлийн орон сууцны корпорацид албан ёсоор нэрийг нь хүргүүлсэн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууцыг сонгон авах боломжийг олгож байгаа юм. Одоогоор нийт 700 гаруй төрийн албан хаагч уг хөтөлбөрт хамрагдаад байна.
Энэ хөтөлбөрийн онцлог нь:
1. Иргэний орлогыг нь тодорхойлж, орлогод нь нийцсэн орон сууцыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар олгож байгаа;
2. Иргэнд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг тухайн өрхийн орлого болон сонгон авсан байрны үнийн дүнд нь нийцүүлэн олгох болно;
3. Хэрэв иргэн 15 жилийн хугацаанд ногдох өөрийн боломжит орлогын дүндээ багтсан орон сууц сонгон авбал урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй давуу талтай юм.