Олон улсын стандартад нийцсэн сургуулийн автобус нийлүүлэв

оруулсан Алсын Хараа

Хүүхэд тээвэрлэх зориулалтын, олон улсын стандартад нийцсэн сургуулийн шинэ автобусыг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд танилцууллаа.

БНХАУ-д үйлдвэрлэсэн, олон улсын евро-5 стандарт хангасан дизель хөдөлгүүртэй 200 автобусыг нийлүүлж байгаагаас эхний ээлжийн 5 автобусыг нийслэлийн захын хорооллын сургуулиудад явуулж эхлэх болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод улсын ерөнхий боловсролын 224 дунд сургууль бий. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр болон автобусаар явдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд холоос явдаг 15 мянган сурагчийг дээрх 200 шинэ автобусаар тээвэрлэх боломжтой аж.

Сурагчийн шинэ автобус нь 54 суудалтай, нэг бүрийн үнэ 130 мянга орчим ам.доллар бөгөөд хүүхдийн зуслан, төрөл бүрийн аяллын зориулалтаар хүүхэд тээвэрлэхэд давхар ашиглана гэж Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас  мэдээлэв.

Сургуулийн сурагчдад зориулсан автобуснаас гадна 55 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобусаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэгдэж байна. Монгол Улсад анх удаа үйлчилгээнд явах гэж байгаа энэ автобус нэг цэнэглэлтээр 200-250 км зам туулах боломжтой. Парк шинэчлэлтийг цахилгаан автобусаар хийх нь байгаль экологид ээлтэйгээс гадна зардал нь харьцангуй бага юм.

Сэтгэгдэл бичих