ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 13868 шинэ тохиолдол илэрчээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол юм. Өнгөрсөн хоногт “Ковид-19” туссан 244 өвчтөн нас барсан нь бас л дээд үзүүлэлт болжээ. Цар тахлын байдал хүндэрч байгаа боловч ОХУ-ын эрх баригчид одоогоор хязгаарлалтын арга хэмжээ авах шалтгааныг олж харахгүй байна.

Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, халдварын хамгийн олон буюу 4618 шинэ тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн байна. Тус хотын дараагаар Санкт-Петербург (557), Москва муж (420), Ростов (277), Доод  Новгород (274), Воронеж (211), Свердловск (208), Архангельск (198) мужууд, мөн Ханты-Мансийн өөртөө засах тойрог (197) болон Красноярскийн хязгаар (184) оржээ. Харин Севастополь (30), Еврейн өөртөө засах тойрог (29), Чечень (тав), Ненецийн өөртөө засах тойрог (гурав) болон Чукоткийн өөртөө засах тойрогт (хоёр) харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 28.1 хувь нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Одоогийн байдлаар 271 427 хүн эмчлүүлж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 244 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Москвад өнгөрсөн хоногт 58 хүн нас барсан бөгөөд энэ нь нийслэл хотын хувьд зургадугаар сарын 9-нөөс хойших нас баралтын хамгийн олон тохиолдол юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт илэрсэн “Ковид-19”-ийн шинэ тохиолдлын тоо 5 мянгаас 10 мянга болж, 10 дугаар сарын 9 гэхэд 12 мянгаас давсан бол ням гарагт 13 мянга давсан байна. Ийнхүү ОХУ-д гурав дахь өдрөө дараалан “Ковид-19”-ийн 13 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш нийт 1 326 178  хүн коронавирусээр халдварласнаас 23 мянга орчим хүн нас барж, 1.03 сая гаруй хүн халдвараас эдгэрчээ.

Сэтгэгдэл бичих