Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цувралын эхний тоглолтыг үзэж, сагсан бөмбөгийн баг, тамирчдаа дэмжив.
Дээд лигийн тэмцээнд нийт 6 баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгарсан юм. Тус 2 багийн эхний тоглолтод 2019 оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ.
Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг Б.Билгүүн баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглож 18 оноо авсан юм.