Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитой албан ёсны хэлэлцээ өнөөдөр хийлээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар ажлаа эхлүүлээд удаагүй цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүгагийн Засгийн газрын ажил эхэлсний дараахан болж буйг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд харилцан уялдаатай, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод, Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох нот бичигт гарын үсэг зурав.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги. Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх ажлын хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд зорчих виз олгож эхэлснээ танилцуулав.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “COVID-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг болж байгаад гүн талархал илэрхийлэв.
Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод, Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа нотлов. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив.
Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.
Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.
Айлчлал үргэлжилж байна.