Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-20” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болов. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа юм.
Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулж, иргэдэд хүргэдэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаас эхлээд цахим үндэстэн болох томоохон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцуулсан юм.
Тэрбээр, "Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц. Нүүрсээс хамааралтай байсан Монгол улс ирэх 30 жилд тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон. Үүний нэг нь мэдээллийн технологийн салбар. Төрийн үйлчилгэээг цахимжуулах "Е MONGOLIA" системийг ЗГ-аас хэдхэн хоногийн өмнө иргэддээ хүргэсэн. Монгол Улс залуучуудын орон учраас технологи бол Монголын хөгжлийн ирээдүй юм. Засгийн газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд ойрын жилүүдэд гэрлэлт батлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад бүх үйлчилгээг нэг цонхоор иргэдийн гар утсанд аваачна. Үүнд IT, мэдээллийн технологийн салбарынхан асар их үүрэгтэй ажиллана. Тиймээс ЗГ-тай нягт хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
"ICT EXPO 20" үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд энэ сарын11-ний өдөр хүртэл зохион байгуулагдана.
“ICT-Expo-20” үзэсгэлэнгээс гадна мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийг хэлэлцэх форумыг 10-р сарын 07-нд амжилттай зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой.