Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсоор айлчлахаар өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уг хэлэлцээний үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.
Энэ удаагийн Японы гадаад хэргийн сайдын айлчлал тав дахь удаагийнх бөгөөд өмнө нь С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилж байжээ.
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги нь 1955 оны 10 дугаар сарын 7-нд Японы зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. Эрх баригч Либерал ардчилсан намын “Такэшита” фракцийн гишүүн юм. Тэрээр 1978 онд Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг төгссөн, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан, 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч, 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх, 1993 оноос хойш Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр найман удаа сонгогдсон байна. Мөн 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд, 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд, 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор болжээ. Түүнчлэн 2007-2008 онд Либерал ардчилсан нам /ЛАН/-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга, 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд, 2009-2010 онд ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга, 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байв. 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, 2014-2016 онд ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга, 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга, 2017-2019 онд Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажилласан.